Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд ӨРСӨЛДӨХ ЭРХГҮЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 28-нд болно. Нэр дэвшигчид хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаад тун завгүй яваа.

Өнгөрсөн сард болсон ҮЗХ-ны хурлын үеэр Ардчилсан намын даргад өрсөлдөх эрхийг нээлттэй зарласан. Ийнхүү 250 саяын үнэтэй нэр дэвших эрхийг Ардчилсан намын экс дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Д.Батзандан, БСШУ-ы сайд асан Лу.Гантөмөр нар авсан билээ.

Ардчилсан намын хагарал бутрал, дотооддоо ямар ч ардчилалгүй болсон нь өнөөдрийн том уналтын шалтгаан хэмээн олон хүн үздэг. Тэгвэл энэ намын ганц аврал нь намын дарга.

Учир нь Намын даргаараа хэнийг томилохоос шалтгаалж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний нэр тодорхой болох юм.

Ардчилсан намын дүрмийн 6.8.2.6-д “Намын Дарга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөн ҮЗХ-ны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх” хэмээн заасан байдаг. Нэг үгээр хэлбэл “Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй” гэсэн үг юм.

ҮЗХ хуралдахын өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ хэн нэр дэвшихийг зөвхөн Гүйцэтгэх зөвлөл хэлэлцэж, ҮЗХ-гоор шийдвэрлүүлдэг дүрэмтэй.

Н.Алтанхуягийн гол зорилго Намын дарга уу, Ерөнхийлөгчийн сонгууль уу?

Нам даргаар сонгогдох магадлалтай гэгдэж байгаа Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүйгээ мэдээд намын даргад санаархсан ч байж мэднэ. Учир нь түүнийг нам дотроос нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн олон нийт үзэж байгаа. Тэр бол нам дотроо жинхэнэ тэсрэх бөмбөг. Тэгэхээр ийм хүнийг дэмжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх үү гэдэг асуудал яригдана. Залуу сайхан цагаасаа нөхөрлөж, төр атгалцаж асан нөхдүүд нь өдгөө түүнээс бараг бүгд урвасан. Гэхдээ тэр нам дотроо Алтангадас фракцийнхаа суурийг нэлээд сайн тавьсан гэлцдэг. Мөн залуучууд ч нэлээн элэгтэй байдаг юм билээ.

Ж.Батзандан, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан 45-аас дээш настай гэх шалгуурт дөнгөн данган л хүрнэ. Тэгээд ч ийм залуу хүмүүсийг Ерөнхийлөгчид арай л “жулдана” гэлцэх юм билээ. Харин ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроосоо нэрээ дэвшүүлэх магадлалтай гэгдэж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Сайд асан Н.Алтанхуяг нар юуны учир намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлснийг мэдэхэд бэрх. Магадгүй Ардчилсан намын акулууд хэнийг нэр дэвшүүлэхээ дор бүрнээ тунгаачихсан, намын даргын сунгааг хүлээж суугаа байх.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top