Газар дундын тэнгист 100 орчим хүн осолджээ

2017 оны 01 сарын 15

Италийн эргийн хамгааллын аврагчид Газар дундын тэнгист сураггүй болсон 100 орчим хүнийг хайн эрлийн ажиллагаа явуулж байна. Ливийн эргийн ойролцоо бямба гаригт дүрвэгсдийн завь живснээс 100 орчим хүн сураггүй болсон аж. Аврагчид дөрвөн хүнийг эсэн мэнд аварч, өөр есөн хүний цогцосыг олж гаргасан байна. Завь Ливийн эргээс 50 км орчим зайтай тэнгист живжээ.

Аврах ажиллагаанд Франц улсаас тэнгисийн цэргийн нэг, худалдааны хоёр хөлөг онгоц илгээжээ. Мөн хил хязгааргүй эмч нар нийгэмлэг аврах ажиллагаанд оролцож байгаа аж. Дүрвэгсдийн завинд аль улсын иргэд зорчиж явсан нь тодорхойгүй байна.

Өмнөх өдөр нь Италийн эргийн хамгааллынхан 550 орчим дүрвэгсдийг Газар дундын тэнгисээс аварч гаргасан байв. 2015 оны сүүлд дээд цэгтээ хүрсэн дүрвэгсдийн урсгал бага зэрэг саарсан боловч тэнгисийг гатлан ирэх урсгал тасрахгүй байна. Энэ 2017 оны эхний долоо хоногт 1000 орчим хүн тэнгисээр дамжин Европт хөл тавьжээ. Өнгөрсөн онд 5000 орчим хүн Европыг зорих замдаа газар дундын тэнгист осолдож амь үрэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top