Оросын программистыг баривчилжээ

2017 оны 01 сарын 19

Холбооны мөрдөх товчоо /ХМТ/-ны хүсэлтээр Испанид орос программист Станислав Лисовыг баривчилсан байна. Түүний гэргий Дарья Лисовагийн өгүүлснээр, нөхрийг нь хакерын үйлдэлд сэжиглэж байгаа аж.

Лисовын гэр бүл Таганрогт амьдардаг бөгөөд амралтаараа Испанид очсон байсан гэнэ. Станислав вебсайт хийж, тэдний үйл ажиллагааг дэмжих ажил эрхэлдэг юм байна.

“Бид аяллаа үргэлжлүүлж Лион руу нисэхийн өмнө түрээсээр авсан машинаа хүлээлгэн өгөхөөр Барселоны нисэх буудал дээр ирэх үед маань саатуулсан. Биднийг машинаас гарч ирэх үед цагдаагийн хоёр ажилтан хүрч ирээд, үнэмлэхээ үзүүлэн нөхрийг маань саатуулж байгаа тухай мэдэгдээд, гар утас, ноүтбүүк зэргийг шалгаж эхэлсэн” хэмээн программист залуугийн эхнэр ярьжээ.

Уг баривчилгаа ХМТ болон Интерполын хүсэлтээр хийгдэж байгаа тухай Испанийн цагдаа нар мэдэгдсэн байна. Одоогоор орос программистын гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа бөгөөд Марторел дэх Brians шоронд хоригдож байгаа аж.

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top