“Мар Маттай” (гэгээн Матфейн сүм) бол МЭ IV зуунд байгуулагдсан, Ойрхи Дорноддоо хамгийн эртнийх гэж тооцогддог христийн шашны сүм юм. Ид цэцэглэн мандаж байх үедээ хэдэн мянган сүсэгтнүүдээр хүрээлүүлсэн, шашин номын газар байсан ч одоо хэдхэн ламаас өөр юу ч үгүй орхигдож хоцорчээ. Бараг мянган жилийн турш тайван байдал үзээгүй, одоо ч гэсэн лалын хэт даврагчдын байгуулсан “Лалын улс” бүлэглэлийн нөлөөний бүсэд байгаа учир энэ нь ч аргагүй. Сүмээ сахиж хоцорсон таван ламын хувьд одоо С.Хуссейний засаглаж байсан жилүүд диваажин шиг л санагдах болжээ. Христийн шашинтнуудын эсрэг цуст яргалал явагдсан энэ цөвүүн цаг үед Мар Маттай хэрхэн оршин тогтнож байгаа талаар сүмийн лам нарын нэг эцэг Иосиф ийнхүү ярьжээ.
“Сүм одоо таван ламтайгаар үйл ажиллагаа явуулж байна. МЭ IX зууны үед сүмийн ойролцоо 7000 гаруй хүн амьдардаг байлаа шүү дээ. Гэтэл одоо тавхан лам үлдсэн байна. Ирак дахь Христийн шашинтнуудын тоо гамшгийн гэмээр хурдацтай цөөрсөн. Одоо ч цөөрсөөр л байна. Бид хэнд ч гэм хор хийдэггүй, зөвхөн эзний зааврыг ёсчлон дагадаг, хүмүүст тулгалт хийдэггүй болохоор тэгдэг байх.
Христийн шашинтнуудын эсрэг явуулга 2003-2004 оны үед Мосул, Багдад, Киркук, Басра хотуудад бараг нэгэн зэрэг эхэлсэн юм. Энэ явуулгын уршгаар дэндүү олон олон хүн амиа алдсан даа. Иракт байх нь улам хэцүү болсон учир христийн шашинтнууд эхлээд Курдистан руу дүрвэсэн. Дараа нь Сулеймания, Дахук гэх мэтээр дотооддоо шилжин нүүж байсан бол сүүлдээ амьд үлдэхийн эрхэнд тэр, энэ гэлтгүй гарцгаасан даа. 2003 оноос өмнө Иракт 1.5 сая гаруй Христийн шашинтан амьдарч байсан байдаг юм. Одоо бол ихдээ л 200 мянга үлдсэн. Гарч явсан шашин нэгтнүүд маань энд хэзээ ч буцаж ирэхгүй шүү дээ.
Гэхдээ хамгийн хүнд үе 2014 онд, “Лалын улс” бүлэглэл Мосул хотыг эзэлсэн тэр үеэс л эхэлсэн юм. Тэгэхэд хотын бүх христийн шашинт иргэд бүгд зугтаж гарсан. Зөвхөн манай сүмд л 70 гэр бүл хоргодож үлдсэн байлаа. Тэдний энд өнгөрүүлсэн хоёр сар ямар хэцүү байдалтай өнгөрсөн гэж санана. Алан хядагчид христийн шашинтнуудын эсрэг ямар харгислал үйлдэж байгааг тэд өдөр бүр сонсдог байв. Эрчүүдийн толгойг авч байна, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байна гээд л... “Лалын улс” бүр ойртож ирэх үед тэд хамаг юмаа орхиод амь зулбан зугтацгаасан даа. Иракийн хирист шашинтнуудын олонх нь одоо Ливан, Иордан, Туркт амьдарч байгаа. Хэдэн мянга нь Европ, АНУ, Канад руу гарсан байх. Ирак дахь христийн шашинтнуудын хувь заяа өнөөдөр ийм болсон байна.
Христийн шашинтнууд амьдардаг Найнава хотод очоод үзвэл “Лалын улс” манай шашинтнуудын эсрэг юу хийснийг бага ч гэсэн төсөөлж болно. Сүм хийд эвдэрч сүйдэн цусанд будагдсан байгаа. Тэд тэнд христийн шашинтнууд амьдарч байсан гэх бүх шинж тэмдгийг устгахыг хичээсэн. Бид мэдээж, шашин нэгтнүүдээ нутагтаа ирж амьдрах боломжоор хангахын тулд олон улсаас тусламж хүсдэг. Гэсэн ч нөхцөл байдал дэндүү хүнд байгаа учраас эргэж ирэх талаар одоохондоо бодох ч чадалгүй байна.
“Лалын улс” хаанаас гарч ирсэн, юу хийх зорилготой вэ гэдэг асуудлаар том гүрний удирдагчид янз бүрийн мэдэгдэл хийж байгаа харагддаг. Харин энд бол үүнийг захын хүүхэд ч мэднэ. Тэднийг байгуулсан, мөнгө, зэвсгээр хангагчид нь Саудын Араб, Катар, Турк шүү дээ. Үүнийг АНУ мэдэхгүй өнгөрсөн гэвэл инээдтэй хэрэг болно. Миний бодлоор бол “Лалын улс”-ын нэг гол зорилго нь Ойрхи Дорнодыг христийн шашинтнуудаас цэвэрлэх явдал. Саддам Хуссейн амьд байсан бол энэ асуудлыг хоёр долоо хоногийн дотор л шийдэх байсан биз. Тэр үнэхээр энэ замбараагүй аллага, хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг зогсоож чадах байсан”.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
Дэлхийн хамгийн дур булаам 7 бүсгүй bit.ly/2jGOY5d
Халуун мэдээ bit.ly/2jGOY5d
uneemn Muu eryn ANU uuriin esreg bolgonyg zadlan taraaj uurdiin temtseld oruulsan daa
Иракийг өнөөгийн хямралд оруулсан АНУ-тай хариуцлага тооцох хэрэгтэй
ter yag zogsooh bsan. laliin ertontsiig saddam l batsaj bailaa.