БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе авлигын хэрэгт холбогдсоноор албан тушаалаасаа түр түдгэлзээд байгаа билээ. Тэрбээр 40 гаруй жил нөхөрлөсөн дотны найз Чой Сун Шилээс болж авлигын дуулианд нэр холбогдон, Өмнөд Солонгосын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч түүхэндээ “Хамгийн анхны гэмт хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч” хэмээн тэмдэглэгдэн үлдэх болжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг тойрсон дуулиан их сургуулийн оюутнуудын жагсаалаас эхтэй.
Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутан Жон Юра гэгч тусгай элсэлтээр шалгалт өгөлгүй сургуульд орж, хичээлдээ суудаггүй байсан атлаа өндөр үнэлгээ авсанд бусад оюутнууд шударга бус явдал хэмээн үзэж, эсэргүүцэж эхэлсэн юм. Ихва их сургууль нь улсдаа нэр хүндтэй төдийгүй энэ сургуулиас Солонгосын нэр нөлөө бүхий эмэгтэй улс төрчид төрөн гарсан байдаг аж.
Жон Юрагийн их сургуульд шалгалтгүй орсон болон хичээлийн үнэлгээнүүд нь авлигатай холбоотой болох нь илэрч, Ихва их сургуулийн захирал огцорсон юм.
Ингээд Өмнөд Солонгосын сэтгүүлчид оюутнуудын жагсаалын үеэр Жон Юра гэгч хэн болохыг судлахад Чой Сун Шилийн охин болохыг олж тогтоожээ. Чой Сун Шил нь ерөнхийлөгч Пак Гын Хегийн дотны найз болох нь илэрснээр энэ бүх дулиан дэгдсэн юм.
Тэрбээр дотны найз Чой Сун Шилийг улс төрд хууль бусаар оролцуулж байсан гэх хэрэгт холбоотой болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа юм. Тодруулбал, Ерөнхийлөгч Пак Гын Хен багын найз Чой Сун Шилийн эзэмшдэг хоёр ашгийн бус сан нэг жилийн дотор “Samsung”, “Hyundai”, “LG” зэрэг томоохон компаниудтай эн зэрэгцэхүйц 75 тэрбум вон буюу 66,7 сая долларын ашиг олсон нь тус улсын Прокурорын газрын анхаарлыг татсан байна. Ингээд Өмнөд Солонгосын прокурорууд Чой Сун Шилийг авлига авсан хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний компьютерээс 200 файл бүхий баримт бичиг, түүний дотор Ерөнхийлөгчтэй холбоотой баримтууд олджээ. Энэ нь Пак Гын Хе 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох үеэрээ Чой Сун Шилээс тусламж авч, түүгээр олон нийтийн өмнө хэлэх үгээ бэлдүүлсэн баримт байсан байна.
БНСУ-ын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн илгээлт үг нь төрийн нууцад хамаардаг бичиг баримтад тооцогддог бөгөөд үүнийг энгийн иргэнд цахим шуудангаар илгээсэн нь төрийн нууцыг санаатайгаар задалсан хэрэгт багтдаг аж.
Чой Сун Шил нь 1994 онд нас барах хүртлээ Пак Гын Хен ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Чой Тэ Миний охин аж.
Солонгосын Ерөнхий Прокуророос Ерөнхийлөгч Пак Гын Хег “Үндсэн хууль зөрчсөн, авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцыг задруулсан” зэрэгт буруутгаад байгаа билээ.
Өмнөд Солонгос улс нь хагас ардчилалтай орон хэмээгддэг ч төрийн ямар ч эрх мэдэлтэн байсан хуулийн өмнө эрх тэгш байх ёстой хэмээн үздэг, нэр төрөө эрхэмлэдэг, ард иргэд нь шударга бус зүйлийн төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй гэдэг.
Ийнхүү Ерөнхийлөгч Пак Гын Хен авлигын хэрэгт холбогдуулан 1989 оноос хойш анх удаа хамгийн олон хүнийг хамарсан “Сая хүний жагсаал” өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон билээ.
Ерөнхийлөгч Пак Гын Хе энэ сарын 25-нд Өмнөд Солонгосын "Жонг Кю Че Жэй” интернет телевизэд бүтэн нэг цагийн турш ярилцлага өгчээ.
2013 оноос хойш тэрбээр нэг ч ярилцлага өгөөгүй бөгөөд, консерватив үзэлтэй гэгддэг сэтгүүлч Жон Гю Жэг сонгон ярилцсан нь өөрийгөө хамгаалах тактикийн нэг хэмээн олон нийт шүүмжлээд байгаа юм.
Тэрбээр өөрийг нь буруутгаж байгаа авилгалын хэрэг, найз Чуй Сун Шил болон түүний туслахуудад үүсгэсэн эрүүгийн хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан байна.
Пак Гын Хе: Дуулианы мөрөөр хөөж үзвэл энэ бүхэн урьдаас бэлтгэгдсэн арга байсан
Маш их худал хуурмагаас бий болсон үл ойлголцолтой нүүр тулах нь надад хэцүү байсан. Би маш их сэтгэлээр унаж байна. Намайг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахын төлөө зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа. Миний хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албаныхны цуглуулсан зохиомол баримтууд нь эдүгээ уул мэт их болжээ. Бизнес эрхлэгч Чуй Сун Шил-ийн хувьд би түүнтэй олон жил найзын харьцаатай байсан. Тиймээс ч олон нийтийн өмнө хэлэх үгээ урьдчилан түүнд өгч, энгийн иргэний хувьд уншуулж санаа оноог нь сонссон. Би төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задруулсан энэ хэрэгтэй холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйсан. Ингэж уучлалт гуйснаар намайг дараа дараагийн удаа буруутгах олон зүйлийн эхлэл болно гэж мэдэж байсан ч би ёс зүйн хувьд уучлалт гуйх нь зөв гэж шийдсэн.
Намайг авилгалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албаны тухайд гэвэл тэд намайг буруутгах үнэн бодит баримт багатай, харин зохиомол баримтууд ихтэй байгаа” хэмээсэн байна.
Үүнээс гадна Пак Гын Хе ард түмэн болон Хятадын зүгээс эсэргүүцэлтэй тулгараад буй АНУ-ын пуужингийн системийг хойгт байршуулах, Доналд Трамп Цагаан ордны тэргүүн болсон зэрэг цаг үеийн асуудалд хариулт өгчээ.
Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хойгт байршуулах асуудлыг тэрбээр,
-“Пхеньяны өсөн нэмэгдэж буй баллистик пуужин, цөмийн аюул заналын дэргэд өөрийгөө хамгаалах багахан хэрэгсэл” хэмээсэн байна. Мөн энэ нь Өмнөд Солонгос улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн асуудал гэдгийг онцолжээ.
Цагаан ордны тэргүүнээр Доналд Трамп сонгогдсон тухайд, “АНУ-ын ерөнхийлөгч өөрчлөгдсөн учраас гадаад бодлогод өөрчлөлт гарах байх” хэмээсэн байна.
2014 онд Севол гатлага онгоц осолдож олон хүн амь үрэгдэхэд Пак Гын Хег гоо сайхны салонд сууж байсан хэмээн буруутгасан шүүмжлэл их байсан. Энэ талаар сэтгүүлч түүнээс “Таны эсрэг буруутгал эмэгтэй төрийн тэргүүний тухай хэт их сонирхол, эсвэл эмэгтэй хүнд хүндлэлгүй ханддаг Өмнөд Солонгосын ёс заншлын алинаас үүдэлтэй гэж үзэж байна вэ” хэмээн асуухад, “Эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлагаас үүдэлтэй гэж бодож байна” хэмээн хариулсан байна.
Пак Гын Хег огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн шүүхийн даргын албан үүргийн хугацаа дуусах ирэх гуравдугаар сарын 31-нээс өмнө шийдвэрлэх ёстой аж.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )