НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Исламын улс” террорист бүлэглэлтэй хийж буй тэмцэл сүүлийн үед эерэг дүнтэй гарч байгаа хэдий ч тус бүлэглэлийн дайчдын террорист халдлагын аюул өндөр хэвээр байна хэмээн мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр, тус гэмт бүлэглэл өөрсдийн террорист үйл ажиллагааг зөрчилтэй бүс нутгуудаас хальж, салбар хэсгүүдээ ашиглан өөр бусад улс орнуудад явуулахаар идэвхтэй ажиллаж байна гэжээ. Иймээс дэлхийн улс орнуудын нисэх буудлууд болон онгоцон дотор халдлага үйлдэгдэх магадлал өндөр хэвээр байгаа аж.
Террористууд өөрсдийн талынхантай харилцах болон шинээр гишүүд элсүүлэх үйл ажиллагаандаа “бараан” гэж нэрлэгддэг вебсайтууд болон төрөл бүрийн мэссинжерүүдийг ашиглаж байна.
Антониу Гутерришийн дурдсанаар, “Исламын улс”-ын санхүүгийн хэрэгслүүдийн 80% нь нефть болон байгалийн хийн наймаа, мөн дарамт шахалт, айлган сүрдүүлэлтээс бүрддэг гэнэ. 2016 онд гэхэд л, Сирийн Дэйр эз-Зор мужаас наймаалсан нүүрст устөрөгчийн борлуулалтаас тус бүлэглэл 260 сая доллар олжээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )