Гватемалын нийслэл дэх гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төвд гарсан түймрийн улмаас 19 хүүхэд шатан амь үрэгдлээ хэмээн Prensa Libre-д мэдээлсэн байна. Мөн 20 гаруй хүн янз бүрийн хэмжээний бэртэл гэмтэл авсан аж.
Сан-Хосе-Пинула хотын төвд гарсан түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бололтой. Хэргийн газарт аврагчид болон цагдаагийнхан ажиллаж байгаа бөгөөд түлэгдсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.
Гал гарах үед тухайн төвд орон гэрээсээ дайжин зугатсан 60 гаруй хүүхдүүд байсан аж. Тус төвийнхөн тэдэнд хатуу ширүүн хандаж, муу хооллож байгааг эсэргүүцэн хүүхдүүд бужигнаан үүсгэсэн бөгөөд эсэргүүцлийн хэлбэр болгож хөнжил гудсаа шатааснаас гал гарсан байж болзошгүй гэж урьдчилан таамаглаж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар тус төвийн гадаа тэнд орогнож буй хүүхдүүдийн ойр дотныхон цугларан болсон явдлын учир шалтгааныг мэдэхээр оролдож байгаа аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )