Хэрэгждэггүй хуулиуд: Монгол хэлний тухай хууль

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

Хэрэгждэггүй хуулийг монголчууд “гууль” гэж нэрлэдэг билээ. Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээс үзвэл өнөөдөр манай улсад 400 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгждэг юм байна. Гэхдээ хүчин төгөлдөр болсон ч амьдрал дээр хэрэгждэггүй нь бас олон байх аж. Шинэ хууль УИХ-аар батлагдахдаа “Энэхүү хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын журмаар зохицуулна” гэсэн “зүүлт”-тэй гарах нь олонтаа. Журам гартал хууль хэрэгжих боломжгүй гэсэн үг. Мөн Засгийн газрын тогтоол доод шатны байгууллагаар дамжсаар хөрсөн дээр бууж хэрэгжтэлээ хэдэн он дамнадаг жишиг ч байна. Тэдний нэг нь монгол хэлбичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн боловсролыг сайжруулах зорилготой Засгийн газрын 37 дугаар тогтоол, УИХ-аас баталсан Монгол хэлний тухай хууль юм. Дээрх тогтоол, хуульд багтсан аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, зар сурталчилгаатай холбоотой заалт өдийг хүртэл хэрэгжилгүй өдийг хүрчээ.  

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” тогтоол гарчээ. Тогтоолоор, хот суурин газар болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирилл бичгээр бичиж байхыг бүх шатны засаг дарга нарт үүрэг болгосон байна. Үүнээс жил, дөрвөн сарын дараа Нийслэлийн Засаг даргын “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх А/428 дугаар захирамж гарч, мөн оны есдүгээр сард Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөлөөс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, мэдээллийн байгууламжийн стандартыг баталсан байна. Ингээд эрхзүйн орчин бүрдэж, хаяг шинэчлэлийн ажил эрчимжих ёстой байсан боловч тэгсэнгүй.

2015 оны хоёрдугаар сард Монгол хэлний тухай хууль батлагдан гарсан нь Засгийн газрын 37 дугаар тогтоолыг баталгаажуулсан хэрэг байсан. Хуульд “аж, ахуйн нэгж, байгууллагууд хаягаа кирилл, монгол бичгийн аль нэгээр нь бус дан гадаад хэлээр бичсэн” зэрэг нийт дөрвөн заалтаар хуулийн этгээдэд торгууль ногдуулах заалт тусгагдсан. Хууль батлагдсан л бол хэрэгжих ёстой. Гэтэл Улаанбаатар хотын гудамжаар явахад гадаад хаягтай барилга байгууламжууд олноороо байсаар байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжихгүй байна. Хаягийн ийм зөрчил уушийн газар, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагуудад түгээмэл байгаа юм.

Нийслэлээс баталсан стандартад “Бараа, бүтээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг англи хэлээр бичиж болно” гэсэн заалт бий. Гэхдээ тухайн бичвэр нь монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс хоёр дахин бага өндөртэй байх ёстой гэж заасан байдаг. Энэ заалт хэрэгжсэнгүй. Монгол хэлний тухай хуульд зөрчил гаргасан ААН-үүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай. Засгийн газрын тогтоол батлагдаад дөрвөн жил, Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас хойш дөрвөн жил, нийслэлд дагаж мөрдөх гадна хаягийн стандарт батлагдаад гурван жил, Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ бол хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа. Гэтэл хэрэгжсэнгүй. Хэрэгжихгүй байгааг нь анзаарч байгаа хүн ч алга. Хэрэгждэггүй биш, хэрэггүй хууль байсны шинж юм болов уу.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.92.27) 2017 оны 03 сарын 16

Монголоороо зөв бичдэг хүмүүс ч цөөрсөн байна. Монгол хэлний сургалтыг сайжруулмаар байна. Багш нарын ур чадвар муу байна уу? Ном сурдаггүй мулгуу сурагч олширсон уу?

0  |  0
Top