Хятад, Францын эрдэмтэд хамтран Зика вирусын эсрэг вакциныг зохион бүтээсэн байна. Уг вакцин эмчилгээний өмнөх туршилтын шатанд хэдийн шилжсэн бөгөөд 2019 оноос Африкийн улс орнуудад ашиглагдаж эхлэх аж.
Зика вирусын эсрэг вакциныг БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх Пастерын Институтэд гарган авчээ. Аюулт өвчлөлтэй тэмцэхэд зориулагдсан энэхүү вакцин нь ямар нэгэн хор хөнөөлгүй, үр дүнтэй аргаар бүтээгдсэн хэмээн зохион бүтээгч эрдэмтэд онцлон дурдсан байна.
Энэ вакциныг генийн инженерчлэлийн аргуудыг ашиглан хэд хэдэн үе шаттайгаар гарган авчээ. Эрдэмтэд гибрид ДНК хэлбэртэйгээр генийн бүтцүүдийг бий болгосон аж.
Зика вируст халдвар ихэвчлэн халуун орны сармагчингуудад тусч байгаа хэдий ч шумууланд хазуулах замаар хүмүүст бас тусаад байгаа билээ. Уг аюулт өвчин ялангуяа жирэмсэн эхчүүдэд асар эрсдэлтэй бөгөөд тэднээс тархины хүнд гэмтэлтэй хүүхдүүд төрөх магадлалтай юм.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )