Трампын экс зөвлөх Оросын компаниудаас мөнгө авдаг байснаа хүлээжээ

2017 оны 04 сарын 03

Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн өөрийн орлогын талаарх мэдээллээ дэлгэсэн байна. Тэрээр технологийн компаниуд, улстөрийн бүлгүүд, мөн илтгэл тавьсны хөлс гээд 2014 оноос хойш олсон 1,3 сая долларын асуудал энд яригдсан тухай  New York Times мэдээлжээ.

Сэтгүүлчдийн мэдээлснээр, түүний санхүүгийн тайлангийн эхний хэсэг бүр өнгөрөгч хоёрдугаар сарын 11-нд Цагаан ордны ёсзүйн хэлтэст хүргэгдэж байсан бөгөөд үүнээс хойш хэд хоногийн дараа Флинн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Тухайн үед тэрээр хөлс авдаг байсан компаниудаа нэрлээгүй байсан юм.

Флиннд хөлс төлдөг байсан компаниуд дотор Оросын RT телесуваг, “Волга-Днепр” компанийн бүрэлдэхүүнд багтдаг америкийн агаарын тээврийн компани, мөн “Касперскийн Лаборатори”-ийн хяналтад байдаг америк компани орсон байна.

Генерал Флинн Оросын элчин сайд Сергей Кисляктай харилцдаг талаараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс болон бусад улстөрчдөд буруу ташаа мэдээлэл өгсөн тухай хэвлэлүүдэд мэдээ гараад эхэлсний дараахан түүнийг огцруулсан билээ. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top