Пхеньяны төв талбайд цэргийн сүрт жагсаал

2017 оны 04 сарын 15

Хойд Солонгосыг үндэслэгч, тус улсын анхны ерөнхийлөгч агсан Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зориулсан цэргийн парад Пхеньян хотын төв талбайд болж байна. Уг жагсаалыг ерөнхий командлагчийн хувьд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хүлээн авч байна.

 

 

Хойд Солонгос улс энэхүү цэргийн жагсаал дээрээ усан доогуур шумбагч хөлгүүдийн алсын тусгалт пуужингуудаа толилуулж байгаа аж. 2012 онд болсон ийм жагсаал дээр тус улсын эрх баригчид тив хоорондын баллистик пуужингуудаа үзүүлж байсан билээ.

 

 

Пхеньян хотноо болж буй энэхүү сүрт жагсаал түүхэн дэх хамгийн хүчирхэг цэргийн жагсаал болж байгаа талаар зарим эх сурвалжууд дурджээ. БНАСАУ цэргийн парадын энэ өдөр цөмийн туршилт, эсвэл алсын тусгалт пуужин хөөргөж болзошгүй хэмээн дэлхий дахинд таамаглаж байгаа хэдий ч одоогоор энэ тухай албан ёсны мэдээлэл тус улсын эрх баригчдын зүгээс өгөөгүй байгаа аж.

 

 

Өргөн хүрээт энэхүү баярын арга хэмжээнүүд АНУ болон Хойд Солонгосын хооронд улстөрийн нөхцөл байдал хурцдан, зэвсэгт мөргөлдөөнд ч хүрч болзошгүй хүнд цаг үед явагдаж байна. Америкийн нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлөг цохилт өгөх зайнд Хойд Солонгос руу дөхөж очсон тухай өмнө нь мэдээлж байсан бөгөөд энэ бүрэлдэхүүнд “Томагавк” далавчит пуужингуудаар тоноглогдсон цөмийн шумбагч хөлгүүд ороод байгаа юм.

 

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top