Ж.Корбин: Тереза Мэй одоо огцор, хангалттай

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

Их Британийн лейбористуудын тэргүүн Жереми Корбин Ерөнхий сайд Тереза Мэйг огцрохыг уриалж байна. “Мэй өөрөө мандат авахыг хүссэн болохоороо л энэ сонгуулийг явуулсан. Тэр мандатаа авсан нь сайн хэрэг. Гэвч консерваторууд суудлаа алдлаа. Дуу хоолой, дэмжлэг, итгэл найдвараа алдлаа. Тереза Мэйд энэ бүхэн хангалттай. Одоо огцор” гэж “The Guardian”-д ярьжээ.

Түүнчлэн Ж.Корбин түүний нам улс төрийг сайн тал руу нь өөрчилсөн гэдгийг хэлж байна. Ж.Корбин, Т.Мэй нар хоёулаа дахин сонгогдсон ч санал зөрөлдөх болжээ.

Их Британийн Ерөнхий сайд Т.Мэй өнгөрсөн дөрөвдүгээр сард парламентын ээлжит бус сонгууль явуулахаа мэдэгдсэн билээ. Тэрбээр энэхүү гэнэтийн шийдвэрээ “Улс орныхоо тогтвортой байдлыг хадгалахаар сонгууль явуулна” гэсэн юм.

Сонгуульд 46.9 сая хүн саналаа өгөх эрхтэй аж. Сонгуулийн эцсийн дүн өнөөдөр үдээс хойш гарна. Ийнхүү 650 төлөөлөгчөөс бүрддэг Нийтийн танхим шинээр бүрэлдэнэ.

Урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Тереза Мэй тэргүүтэй Тори нам ялалт байгуулаад байна. Консерваторууд Нийтийн танхимын 650 суудлаас 314-ийг авчээ. Тэд өмнөх сонгуулиас 17-оор бага суудал авч, бухимдалтай байна. Олонх болох магадлал бараг үгүй болжээ.

Харин лейбористууд 266 мандат авсан нь өмнөхөөсөө 34 суудлаар илүү юм. Либерал ардчилал нам 14 мандат авчээ.


Аюулгүй байдлын үүднээс хүчний байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад сүүлийн гурван жилийн хугацаанд гурав дахь удаагаа бүх нийтийн санал асуулга болж байна. 2015 онд парламентын сонгууль болсон бол 2016 онд Европын Холбооноос гарах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явагдсан.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top