Барууныхан Косовог ”хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэн”-ий гарт өгөх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

Косовогийн парламентын сонгуульд цэргийн эрхтнүүдийн эвсэл ялалт байгуулжээ. Парламентын ээлжит бус сонгууль ПАН эвслийн ялалтаар өндөрлөсөн нь энэ юм. Энэхүү эвслийн нэг удирдагч нь албаничуудын цэргийн командлагч байсан Рамуш Харадинай юм. Шинжээчдийн дүгнэж байгаагаар, энэ хүн л Косовогийн Ерөнхий сайд болох аж. Улстөрч Рамуш Харадинай нэг бус удаа Гаагийн шүүхэд буруутгагдаж байжээ. Дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр дуудагдсан тэрбээр удалгүй зөвтгөгдсөн байна. Харадинайг тэр цагаас хойш олон улс мэдэх болжээ. Эрэн сурвалжлагдаж ч байсан удаатай.

Косовогийн чөлөөлөх арми гэх хагас цэрэгжсэн эвсэл нь тусгаар тогтнолын төлөө тэмцдэг байв. Зэвсэглэсэн аргаар Сербээс тусгаар болохын тулд Рамуш Харадинай гэмт хэрэг үйлдсэн гэгддэг.

ПАН эвсэлд Рамуш Харадинайн Косовогийн ирээдүйн төлөө холбоо, Хашим Тачийн Косовогийн Ардчилсан нам, Фатмир Лимайн Косовогийн санаачилга нам ордог. Гуравхан улстөрч зэвсэг барин Сербийн арми, цагдаагийн эсрэг дайнд 1998-1999 онд орж байжээ.

Сонгуулийн дүнгээр ПАН эвслийн араас сөрөг хүчний Өөрийгөө тодорхойлох нам сонгогчдын 30 хувийн санал авч, дараа нь Косовогийн ардчилсан лиг 27 хувийн дэмжлэг авчээ. Ардчилсан лиг намыг Косовогийн одоогийн Ерөнхий сайд Иса Мустафа тэргүүлдэг юм.

Ээлжит бус сонгууль нь 2016 оны тавдугаар сард Косовогийн Ерөнхий сайд  Иса Мустафа Засгийн газраа татан буулгахаас аргагүй болсноор явагдаж байна. Үүний өмнө гишүүд Черногортой хилээ зааглах зөвшилцөлд гарын үсэг зурахаас татгалзсан байдаг. Подгорица болон Приштина хотын энэ асуудал хоёр жил яригджээ. Энэ баримт бичгийг батлах юм бол Косово 82 кв.км үржил шим бүхий газар нутгаа алдана гэж гишүүд үзсэн байна. Иймээс хэлэлцээрийг үзэглэх боломжгүй болжээ. Ийм нөхцөл байдал үүсч, Мустафа сайд нарын тэнхимээ татан буулгах болжээ.

Сербичүүдийн санал

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар сонгуулийн ирц 41 хувьтай байжээ. Сербийн Зубин Потокт хүртэл санал хураалтанд оролцохоор тус бүсийн иргэдийн 62 хувь нь ирсэн байна. Ирц хамгийн бага нь хойд Митровицад иргэдийн 34 хувь нь оролцжээ. Хязгаарын бүх газар нутгаар нийт 5000 хүн сонгуулийг ажигласан байна.

Сонгуулийн үйл явц дуулиангүйгээр өндөрлөсөнгүй. Сонгууль болохоос тав хоногийн өмнө Приштина дахь АНУ, Герман, Франц, Итали, Их Британийн Элчин сайдын яам хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Эдгээр улсын дипломат алба айлган заналхийлэх болон хүч хэрэглэн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж байгаа нэр бүхий хүмүүс байгааг мэдэгдсэн байна. Косово дахь Сербийн нийгэмлэг өөрсдийнх нь аргаар санал өгөхийг хүчээр далайлгана гэсэн мэдээлэл ч байжээ. Косово дахь гадны Элчин сайдын яамдууд ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, сонгогчдыг болзошгүй аюулаас сэрэмжилж, сонгуулийн үр дүнд гадны нөлөө орсон тохиолдолд мөрдөн шалгахыг Сербийн цагдаагийн газраас шаардах болно гэжээ.

Түүнчлэн сонгуулийн өмнөхөн Косовогийн сербичүүдийн намын дарга баривчлагджээ. Александар Яблановичийг эхнэрийнх нь хамт баривчилсан байна. Тэдний гэрийг нэгжих үеэр зэвсэг олджээ. Гэвч нэг хоногийн дараа тэднийг сулласан аж. Мөн Сербийн “В92” телевизийн мэдээлснээр, сонгуулийн явцад албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн хэргээр албаны нөлөө бүхий хүмүүс баривчлагджээ. Бусад хууль зөрчсөн үйлдэл ч байсан гэнэ. Прокурорын газар хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Косово дахь сербичүүд идэвхтэй саналаа өгсөн нь энэ сонгуулийн онцлог байжээ. Тэд удаан хугацаанд ямар ч сонгуульд санал өгөөгүй байсан юм. Сонгуулийн өмнө сербичүүдийг сонгуульд оролцохгүй байхыг уриалсан хуудсууд тараагдаж байсан аж.

Гаагийн шүүх, Ерөнхий сайдын суудал

Шинжээчдийн дийлэнх нь энэ сонгуулийн дараа Рамуш Харадинай Косовогийн Ерөнхий сайд болно гэж таамаглаж байна. Тэрбээр дайны гэмт хэрэг үйлдсэн гэж Гаагийн шүүхэд шалгагдаж, эрэн сурвалжлагдсан нэгэн гэдгийг дээр дурдсан. 1998-1999 онд үргэлжилсэн дайнд Рамуш Харадинай биечлэн оролцсон байдаг. Тэрбээр дайнаар гуяндаа шарх авсан байна. Косовогийн чөлөөлөх армийн командлагч байсан Харадинай дайны үед “Хар бүргэдүүд” гэх тусгай алба байгуулж байжээ. Энэ албаны дайчид нь хүмүүсийг хулгайлж, тамлаж алсан хэрэгт буруутгагдаж байсан юм. Түүнчлэн Харадинайг сербичүүдийг хоморголон алсан хэрэгт буруутгадаг. Сербийн Дотоод хэргийн яамны мөрдөгч нар уг хэрэг болсон газарт очиж байжээ. Тэнд тамлан алсан 20 хүнийг оршуулсан байсан гэсэн мэдээлэл бий.

Косовогийн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай байгаа цэргийн командлагч асан Рамуш Харадинай нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нийт 17 хэрэгт буруутгагдсан нэгэн. Дайны хууль, ёс жаягийг зөрчсөн 20 хэрэг мөн нэмэгдэнэ. Гэхдээ 2008 оны дөрөвдүгээр сард Гаагийн шүүх улстөрчийг бүрэн зөвтгөсөн байна. Харин 2011 онд түүний эсрэг дахин хэрэг үүсгэсэн юм. Рамуш Харадинай мэдээлэгчтэйгээ хамт хэдэн арван хүнийг хулгайлжээ. Югославын Засгийн газартай холбоотой гэж тэднийг Ябланица дахь хорих лагерь руу илгээсэн байна. Хүмүүсийг тамлан зовоож, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр буруутгагдсан цэргийн командлагч тэр удаад мөн л зөвтгөгджээ. Харин Серби түүнийг буруутгасаар, хайсаар байна. Тэрбээр саяхан Францад баривчлагдсан ч шүүх түүнийг Белградад шилжүүлж өгөхгүй гэжээ. Рамуш Харадинайг Косовогийн Засгийн газарт гарч ирэхэд нь Баруун Европын улсууд болон АНУ тусална гэж ажиглагчид таамаглаж байна. Косово юуг ч бие даан шийдэхгүй, бүх зүйл Баруунаас хамаарна гэж шинжээчид дуу нэгтэй хэлж байгаа юм.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top