Парист халдлага үйлдэх гэж байсан эр газар дээрээ нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 20

Парис хотод өчигдөр орой нэгэн суудлын автомашин өндөр хурдтайгаар цагдаагийн фургонтой мөргөлджээ. Цагдаагийн машинд найман цагдаа байсан аж. Тэд гэмтээгүй ч суудлын машины жолооч газар дээрээ нас баржээ. Елисейн талд болсон энэ явдлыг террорист ажиллагаа байсан гэж Францын Дотоод хэргийн сайд Жерар Коллон мэдэгдсэн байна. Энэ явдлаар хүний энгийн иргэний амь эрсдээгүй ч Францад террорист ажиллагаа болох аюул байсаар байгааг Дотоод хэргийн сайд анхааруулж байна.

Халдлага үйлдэгчийн машинаас сумтай Калашников буу, хийн баллонууд олджээ. Тэрээр дэлбэрэлт үйлдэхээр төлөвлөж байсан бололтой. Машин нь мөргөлдсөнийхөө дараа шатсан байна. Галынхан ирж тэр дор нь унтраажээ.

Дээрх хэрэг гарсан дүүрэгт цагдаа нар тусгай ажиллагаа явуулсан байна. Метроны зарим чиглэлийг түр зогсоожээ.

Францад цагдаа нар руу халдсан хэрэг сүүлийн сард хоёр дахь удаагаа гарлаа. Энэ нь терроризмын аюул өндөр байгааг харуулж байгаа учир 2015 оны 11 дүгээр сард болсон цуврал халдлагаас хойш зарласан онц байдлыг дахин сунгах хуулийн төсөл танилцуулна гэж Дотоод хэргийн сайд Жерар Коллон ярьж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top