Үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дүр төрхийг ашиглан мөнгө олж байна. Усны хувцас, оймс, пиво зэргийг тэд үйлдвэрлэх боллоо. Калифорнийн “Beloved” компани Ерөнхийлөгчийнхөө гайхсан царайг томоор тавьсан усны хувцас үйлдвэрлэсэн нь хэрэглэгчдийг ихээр татжээ. Наран шарлагын газар цагийг зугаатай өнгөрүүлэх бас нэгэн зүйл бий боллоо гэж хүмүүс цахимаар сэтгэгдлээ илэрхийлж байгаа аж. Өвөрмөц содон зүйлд дуртай хүмүүст энэ усны хувцас ихэд таалагджээ.
“Шоконд орсон Трамп” гэх нэртэй энэ хувцсыг интернэтээр хямдралтай худалдан авч болох гэнэ. 49.95 ам.доллар аж. Энэ нь Америкийн компаниуд Ерөнхийлөгчийнхөө зурагтай хувцас гаргасан анхны тохиолдол биш. Өмнө нь Трампын зурагтай цамц, футболка, оймс гээд олон зүйл худалдаанд гарч байсан юм. Трампын янз бүрийн сэтгэл хөдлөл бүхий царайтай хувцас зөвхөн АНУ-д бус дэлхийд мода болж байна.
Зарим хэрэглэгч "аймаар зурагтай байна, хэв загвар муутай, өнгөний сонголт буруу байна" гэж шүүмжилж байгаа ч олон хүн худалдан авч байгаа аж. “Шар арьстай хүмүүст зохихгүй өнгө сонгожээ” гэж нэгэн жиргээч бичсэн бол эмэгтэйчүүд голдуу “Бүдүүн харагдуулахаар загвар байна” гэжээ.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн зурагтай юуг ч олж болохоор байгаа аж. Тухайлбал, 10 доллароор Трампын ямар ч төрхийг хувцсан дээрээ тавиулж болох нь ээ. Трамп царайгаа олон янзаар хувиргадаг тул сонголт их байгаа аж. Мөн Трампын төрхтэй мэлхийтэй эд зүйлс олон хүнд таалагджээ.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн зурагтай хувцасны орос хувилбар ч гарчээ.
Сонгуулийн өмнө Трампыг элэглэн шоолсон тоглоом, хувцас олон гарсан билээ. Түүнийг сонгуульд ялж, АНУ-ын Ерөнхийлөгч болсны дараа ч наргиа дуусаагүй юм. Өрсөлдөгчид нь түүний эсрэг олон “ажиллагаа” явуулсан. “Трамптай хамт ариун цэврийн өрөө ор” гэсэн бичигтэй ариун цэврийн цаас хэсэгтээ л эрэлттэй байжээ.
Мөн Мексикийн бизнесмэн Антонио Батталья АНУ-ын Ерөнхийлөгчийн овогтой ариун цэврийн цаас үйлдвэрлэж үүнээс олсон мөнгөнийхөө 30 хувийг цагаач нарт өгнө гэсэн байна. Трамп АНУ, Мексикийн хил дээр хана босгоно гэснээс болж мексикчүүд АНУ-ын Ерөнхийлөгчид эртнээс дургүйцсэн билээ. Түүнийг фашист гэж ч нэрлэж буй. Саяхан Мексикт Трампын хөрөг бүхий шилтэй пиво гарсан нь олон хүнд таалагджээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )