Николас Мадурогийн дэглэмийн эсрэг бослого дэгдлээ. Нөхцөл байдал хүндэрч, Венесуэлийн Дотоод хэргийн яам болон Дээд шүүхийн барилга руу нисдэг тэрэг дайрсан ноцтой хэрэг гарчээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, бослогыг Венесуэлийн цагдаагийн газрын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ажилтан Оскар Перес толгойлж байгаа бололтой. Тэрбээр “Венесуэлчүүд ээ, хайрт ахан дүүс ээ, бид төрийн нэрийн өмнөөс та бүхэндээ хандаж байна. Бид бол цэрэг, цагдаа, иргэний эвсэл. Энэ гэмт хэргийн Засгийн газрын эсрэг, улс орноо тогтвортой байлгахын төлөө бид бослоо. Та нар ч бас босцгоо” гэж уриалжээ.
“RT Espanol”-д мэдээлснээр, Оскар Перес нисдэг тэргэнд сууж Дотоод хэргийн яам болон Дээд шүүхийн барилга руу дайралт хийснийхээ дараа Каракас хотын зүүн хэсэгт газарджээ. Цахим сүлжээнд байгаа зургуудаас харахад, нисдэг тэрэгнээс “350. Эрх чөлөө” гэсэн зурагт хуудас харагдаж байна. Энэ нь тус улсын үндсэн хуулийн 350 дугаар заалтыг сануулж байгаа аж. Ардчиллын үнэт зүйл, зарчим, баталгаа, хүний эрхийг зөрчвөл иргэд бослого гаргаж болно гэж уг хэсэгт заажээ.
Нисдэг тэрэгнээс хоёр гранат шидсэн байна. Үүний дараа зарим дүүргийн замын хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээ авчээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Дээд шүүхийн байр болон Дотоод хэргийн яам руу халдсан хэргийг буруутгаж “Энэ зэсвэгт, террорист халдлагыг хийсэн хүмүүсийг эсэргүүцэхийг сөрөг хүчний Ардчилсан эв нэгдэл гэсэн тодотголтой эвслээс шаардаж байна” гэлээ.
Дайралт хийсэн нисдэг тэргэнд байсан нисгэгч нь Дотоод хэргийн сайд асан Мигель Родригес Торресын нисгэгч байсан гэнэ. Сайд асан Холбооны мөрдөх товчоотой холбоотой гэж буруутгагдсан билээ.
Эмх замбараагүй байдал гарч болзошгүй байгаа учир иргэдийнхээ эрхийг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхийлөгч Мадуро мэдэгдээд байна.
Зэвсэглэсэн хүмүүс одоо сөрөг хүчний гишүүдийг албан өрөөнд нь түгжээд байгаа талаар Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн, Миранда мужийн захирагч Энрике Каприлес сэтгүүлчдэд мэдэгджээ.
Жилийн өмнө Венесуэлд мөн төрийн эргэлт хийх оролдлого гарч, эмх замбараагүй байдал үүсч байсан юм. Энэ үеэр иргэд Мадуро тус улсын эдийн засгийг улам дордуулсан, улс орноо сүйрэл рүү түлхэж байна гэж буруутгасан билээ. Түүнийг огцрохыг шаардаж, "дарангуйлагч" гэж нэрлэж байлаа. Мадурог огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч тэрбээр Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан цуцалсан нь сөрөг хүчин болон иргэдийн бухимдлыг төрүүлсэн юм.
Венесуэлийн парламент Николас Мадурод итгэл үзүүлэх эсэхээ хэлэлцэх гэхэд нь удаа дараа тасалдуулсанд Ерөнхийлөгчийгөө үндсэн хууль зөрчсөн гэж буруутгадаг. Ийнхүү сөрөг хүчин олныг хамарсан жагсаал хийнэ гэсэн билээ. Мөн хууль тогтоогчид нь есөн зүйл бүхий тогтоол гаргаж, олон улсын байгууллагуудад хандан Мадурогийн Засгийн газарт шахалт үзүүлэхийг уриалсан байна. Гэвч Мадурогийн удирдлага дор байдаг Засгийн газар болон Дээд шүүх нь хуулийн төслүүдийг хүлээж аваагүй аж.
Уго Чавесыг өөд болсны дараа Төрийн тэргүүний ажлыг нь залган авсан Николас Мадурогийн бүрэн эрхийн хугацаа 2019 онд дуусна. Венесуэл улс эдийн засгийн гүн хямралд байна. Тус улсын инфляци дээд цэгтээ хүрч, зарим газар ус, цахилгаан тасалдаж, хүнсний бүтээгдэхүүний хангамж муу байгаагаас болж гэмт хэрэг гарах болжээ. Бухимдсан иргэд жагсаал цуглаан хийхдээ нэгнийхээ аминд ч хүрч байгаа юм.
Харин Мадуро АНУ энэ бүхнийг зохион байгуулж, иргэдийг нь өдөөн турхирч байна гэж буруутгадаг. Тэрбээр АНУ өмнө нь ч удаа дараа Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, төрийн эргэлт хийхийг санаархсан гэсэн билээ. Харин АНУ Венесуэлд төрийн эргэлт гарах гэж байгааг эртнээс сануулж байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 5 )
Komunizm baiguulna gej tenegteed uls oronoo ballaj bga udidagchtaigaa tootsoo hiij ehlej bga ym bnadaa,Saihan uls oron baisan heden popuudiin buynd hamgiin yduu uls bolson odoo buur idej uuh ym oldohoo bolison,
Эх оронч хүн юм Монгол оронд ийм эх оронч цэрэг эр алгуу Ардтүмэнд тангараг өргөсөн цэрэг эрсээ Монгол төр хулгайч нарын төр болсон
ЛАТИН АМЕРИКЫН ХАМГИЙН БАЯН УЛСЫГ ХАМГИЙН ЯДУУ УЛС БОЛГОН ХУВИРГАСАН АМЬТНЫГ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ
mongold bol ongorson
сөс ихтэй л аавын хүү байна даа