Трамп: БНАСАУ бидний тэвчээрийг барлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 01

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Өмнөд Солонгосын Төрийн тэргүүн Мүн Жэ Ин нарын уулзалт өчигдөр Вашингтонд болсон. Тэдний ярианы гол сэдэв нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр байжээ. “Энэ асуудал нь шийдвэртэй алхмыг шаардаж байна. АНУ болон бусад улсын тэвчээр барагдлаа. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг бид Сөүл, Токиотой болон бусад улстай хамтран ажиллана” гэж Трамп Мүн Жэ Интэй уулзсаныхаа дараа ярилаа.

Мүн Жэ Ин мөн “Хойд Солонгосын цөмийн аюулын асуудлыг шийдвэрлэх нь олон улсын тэргүүлэх ач холбогдолтой зүйл. АНУ болон Өмнөд Солонгосын Засгийн газар энэ асуудал дээр хамтран ажиллана” гэжээ.

БНАСАУ сүүлийн сард хэд хэдэн удаа баллистик пуужин туршсан юм. Пхеньяны энэ үйлдэл нь олон орны эсэргүүцэлтэй тулгараад байна. Трамп Ким Чен Уныг пуужингийн туршилтаа өргөжүүлж байгаад санаа зовниж буйгаа нэг бус удаа илэрхийлсэн.

Өнгөрсөн сарын эхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хоригоо өргөтгөсөн билээ. Хоригийг АНУ тэргүүтэй улсуудаас гадна Пхеньяны ганц холбоотон Хятад хүртэл дэмжсэн юм.

Доналд Трамп, Мүн Жэ Ин нар уулзалтынхаа явцад Солонгосын хойгийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд Хойд Солонгост шахалт үзүүлж, хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохоор ярилцсан гэж Өмнөдийн Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Юн Ён Чан “Рёнхап” агентлагт мэдээлжээ. Хоёр орны удирдагчийн уулзалт нээлттэй, чухал яриа болсон гэж БНСУ дүгнэж байна. Цөмийн хөтөлбөрийн асуудлаас гадна Трамп БНСУ-тай худалдааны зөвшилцөл байгуулахаар уулзжээ.

Уулзалтын дараа хоёр орны Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай Меланиа Трамп, Ким Жун Сук нарын хамт Цагаан ордонд оройн зоог барьсан байна. Энэ нь Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш Цагаан ордонд гадны Төрийн тэргүүнтэй барьсан хоёр дахь хүндэтгэлийн зоог болжээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top