Э.Макрон: Европын холбоо төөрөлдсөн, Франц улс санаачилгыг гартаа авна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 04

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Парламентын конгресст илтгэл тавилаа. Тэрбээр сүүлийн 10 жил Европт хатуу байсан, Европын Холбоо хүчтэй байх хэрэгтэй, Франц улс санаачилгыг гартаа авах ёстой зэрэг олон зүйлийг ярьжээ. Мөн парламентчидын тоог гуравны нэгээр багасгаж, 2015 оны 11 дүгээр сараас хойш тогтоосон онц байдлыг цуцлахаа амласан байна. Францын парламентын конгресс нь Сенат, Үндэсний Ассамблейн Версалийн ордонд болдог уламжлалт хурал юм.

Европын Холбоог бэхжүүлэхэд А.Меркельтэй хамтарна

Бид олон хямралаас гарах хэрэгтэй байна. Гэхдээ бид төөрсөн. Иймээс хүчтэй Европын Холбоо хэрэгтэй. Энэ холбоо төөрөлдсөн. Франц улс санаачилгыг гартаа авч, бат бөх болгох ёстой.

Терроризм дийлдэшгүй. Европ хямралд байна. Санхүү нь муудаж, өр өслөө. Хөрөнгө оруулалт сул, ажилгүйдэл урьд хожид байгаагүй их хэмжээнд хүрлээ. Европын Холбоог бэхжүүлэхэд би ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй хамтран ажиллана. Оны сүүлчээр бид бүх Европоор ардчилсан конвенц байгуулна. Хүнд суртал газар авснаар Европ сул боллоо. Үүнийг арилгах хэрэгтэй байна. 

Францчуудад эрх чөлөөг нь эргүүлэн авчирна

2017 оны намар онц байдлын дэглэмийг цуцална. 2015 оны өвөл Парист террорист халдлагууд болж ийнхүү дэглэм тогтоосон. Онц байдлыг удаа дараа сунгаж ирлээ. Би францчуудад эрх чөлөөг нь эргүүлэн авчирна. Эрх чөлөө бол хүчтэй ардчиллын гол зүйл.

Терроризмтой тэмцэх хууль бидэнд хэрэгтэй байна. Манай улсын эрүүгийн тогтолцоо Францын дайснуудыг устгадаг байх хэрэгтэй. Бидний тэмцэлд хүч өгөх чухал алхмыг парламент дэмжинэ гэдэгт найдаж байна.

Парламент цөөн хүнтэй байж ажил нь шуурхай явагдана

Парламентын гишүүдийн гуравны нэгийг нь хасах хэрэгтэй. Цөөн хүнтэй парламент сайн, бас хурдан ажиллана. Иймээс л би энэ санаагаа дэвшүүлээд байгаа юм.

Одоо Францын парламентын Доод танхим 577 гишүүнтэй. Сенат буюу Дээд танхим нь 348 гишүүнтэй. Тэдний тоог багасгах нь Эммануэл Макроны амлалтуудын нэг юм.

Ард түмэн надаас шинэчлэлтийг хүсч итгэл хүлээлгэсэн

Ард түмэн шинэ зам, шинэ хөгжлийн төлөө сонголт хийсэн. Тэд намайг болон “Урагшаа” намыг сонгохдоо биднээс цоо шинэ Францыг хүссэн гэдэгт итгэлтэй байна. Энэ хүртэл улс орон минь буруу замаар удаан явсан. Ард түмнээсээ авсан бүрэн эрх минь надаас их хүчин чармайлт шаардаж байгаа.

Эммануэл Макрон Орос, АНУ, Хятад, Австрали, Аргентин, Мексик болон Өмнөд Солонгосын удирдагчидтай хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа аж. Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков  “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Путин, Макрон нар уулзана гэж мэдээлжээ. Макрон мөн Турк, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нар, Японы Ерөнхий сайд, Еврокомиссын даргатай Хамбургт уулзах аж.

Энэ уулзалтуудаас гадна олон яриа хэлэлцээрийг Францын Ерөнхийлөгч төлөвлөжээ. Германы Хамбургт болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путин, Макрон, Меркель гурав ажил хэрэгч өглөөний зоог барих гэнэ. “Их 20”-ийн уулзалтын үеэр мөн АНУ, Оросын Ерөнхийлөгч нарын анхны уулзалт болох юм.


О.Чанцаа 

WWW.ZINDAA.MN

Top