Венесуэлд байдал тогтворгүй байна. Латин Америкийн хамгийн баян улс байсан Венесуэлийг хамгийн ядуу орон болгосон гэж Ерөнхийлөгч Николас Мадурог иргэд буруутгаж буй. Түүнийг огцрохыг шаардсан жагсаал жил гаруйн өмнөөс газар авсан билээ. Тус улсын эдийн засаг доройтож, гэмт хэргийн гаралт нэмэгдэн иргэд тун хүнд байдалд амьдарч байна. Зарим газар тог, усгүй болж юмны үнэ нэмэгдсэнээр хулгай дээрэм ихэсчээ.
Байнга жагсаал цуглаан болж, энэ үеэр иргэд амиа алдсаар байна. Өчигдөр л гэхэд Тачира мужид болсон эсэргүүцлийн арга хэмжээн дээр 25 настай залуу амиа алджээ. Энэ талаар Венесуэлийн Дотоод хэргийн сайд Нестор Ревероль мэдээлсэн байна. Энгерберт Дуке Чакон гэх залуу гар аргаар хийсэн бөмбөгөө Үндэсний гвардын эсрэг ашиглах гэж байгаад амиа алджээ. Мөн Үндэсний гвардын дэд хурандаа Густаво Бустаса шархадсан байна.
Тус улсад өнгөрсөн сард болсон жагсаалын үеэр хэсэг хүн хажуугаар нь өнгөрч явсан энгийн иргэнийг шатаасан ноцтой хэрэг гарч байсан билээ. Мөн хулгай дээрэм, хүчирхийллээр олон хүн нас барсан юм.
Венесуэлд өнгөрсөн долоо хоногт төрийн эргэлт хийх оролдлого ч гарсан билээ. Нисдэг тэрэгтэй эрэгтэй Дээд шүүхийн байр болон Дотоод хэргийн яамны байран дээгүүр нисч, хэд хэдэн гранат хаясан юм.
О.Чанцаа