Диего Марадона сэтгүүлч эмэгтэйг хүчирхийлэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

Петербургийн нэгэн сэтгүүлч эмэгтэй алдарт хөлбөмбөгчин Диего Марадонаг түүнийг хүчирхийлэхийг завдсан гэж буруутгаж байна. ОХУ-ын Петербургт энэ сарын 2-нд болсон Холбоодын цомын тэмцээнд домогт хөлбөмбөгчин 56 настай Диего Марадона очсон юм. Тэрбээр хотын хамгийн шилдэг зочид буудлуудын нэгэнд байрлаж, тэндээ сэтгүүлч Екатерина Надольскаяг хүлээж авахаар болжээ.

“СтарХит” сонинд мэдээлснээр, бүсгүй түүнээс ярилцлага авч, хамт авахуулсан зургаа цахим хуудсандаа тавьсан байна. Гэвч дараа өдөр нь тэрбээр Марадона түүнийг хүчирхийлэхээр завдсан гэж мэдэгджээ. Диего түүний даашинзыг тайлж, Екатерина эсэргүүцэхэд дотуур хувцастай нь өрөөнөөсөө гаргаж хаясан гэж сэтгүүлч бүсгүй ярьж байгаа аж. Екатерина тийм байдалтай зочид буудлын коридорт гурван цаг суусан байна. Тийнхүү сэтгүүлч бүсгүй цагдаа дуудаж, хувцас болон бусад эд зүйлээ авчээ.

Екатерина Надольская хууль сахиулах байгууллагын ажилтнуудад мэдүүлэхдээ, болсон явдлын дараа Марадонагийн туслах нь түүнд 500 доллар өгөөд хөөж гаргасан гэжээ. Тэрбээр Марадонаг шийтгэлгүй үлдээхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн байна. Хөлбөмбөгчний дарамтад орж байсан бусад эмэгтэйчүүдийн талаар тэрбээр судалж байгаа аж.

Гэвч дээрх хэрэг явдлын талаар өөр нэгэн мэдээлэл байгаа нь бүсгүй Марадонагийн өрөөнд ороод өөрөө хувцсаа тайлж, өдсөн маягтай байсан гэх яриа юм. Хувцсаа өмсөөд яв гэсэн хөлбөмбөгчин болон түүний туслахын гуйлтад тэрбээр татгалзсан учир өрөөнөөс хөөж гаргасан гэж зарим хэвлэл мэдээлжээ. Хуулийнхан энэ хэргийг мөрдөж эхэлсэн байна.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Top