АНУ Хойд Солонгосын эсрэг цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

Нью-Йорк хотод НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хурал боллоо. БНАСАУ-ын сүүлийн үед хийж байгаа пуужингийн туршилтуудын талаар оролцогч бүх орон хэлэлцэж, Хойд Солонгост шахалт үзүүлэхээс өөр аргагүй болсныг онцолж байжээ. АНУ тэргүүтэй олон орон Хойд Солонгосын дэглэмийн эсрэг хоригийг чангатгая гэсэн байна. Мөн шаардлагатай тохиолдолд АНУ Пхеньяны эсрэг цэргийн хүч хэрэглэнэ гэлээ.

Тэгвэл Орос, Хятадын төлөөлөгч нар Солонгосын хойгийн байдлыг тогтворжуулахын тулд аль аль талыг дипломат замаар учраа олохыг уриалжээ. АНУ харин ОХУ-ыг Хойд Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээнд нэгдэхийг хүссэн байна. Мөн Хойдын томоохон холбоотон Хятадыг Пхеньяныг зогсоох дорвитой арга хэмжээ авахыг шаарджээ.

Зөвхөн Пхеньян ч биш дайсагнасан үйл ажиллагаа явуулж байгаа бусад орны эсрэг бизнесээс эхлээд олон салбарт нь хориг тавина гэж АНУ мэдэгджээ. Мөн Япон, Франц, Их Британийн тал БНАСАУ-д тодорхой дохио өгч сануулах хэрэгтэй гэсэн бол Оросын төлөөлөгч Пхеньяныг өөрөө буруугаа хүлээж, дайсагнасан үйл ажиллагаагаа зогсоохыг уриаллаа.

Хойд Солонгос уржигдар тив алгасах баллистик пуужингийн туршилт хийсэн билээ. Уг пуужин нь АНУ-ын Аляскийн хойг болон Хавайн арал, Номхон далайн баруун хойд эрэгт хүрэхээр байжээ. Мөн пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай байсныг шинжээчид хэлж байгаа юм.

Ийнхүү АНУ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байгаагаа анхаарууллаа. “БНАСАУ-ын үйлдлүүд нь асуудлыг дипломат замаар шийдвэрлэх боломжгүй болгож байгааг НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч хэлж байна. “АНУ өөрийн улсаа болон холбоотон орнуудаа хамгаалахад бэлэн байх хэрэгтэй болоод байна. Гэхдээ хүч хэрэглэхэд хүргэхгүй байхаар хичээх болно” гэж Никки Хэйли мэдэгдэв.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Top