“Их 20”-ийн уулзалтыг эсэргүүцсэн ер бусын жагсаал болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Герман улсын Хамбург хотод өнөөдөр “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Гэвч энэ уулзалтыг эсэргүүцсэн жагсаал болж, хууль, хүчнийхэн хатуу аргаар даржээ. Хамбургийн иргэд “RT” агентлагт ярихдаа “Бид өмнө нь ийм түрэмгийлэл, эмх замбараагүй байдал харж байгаагүй. Хүмүүс ч эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж, цагдаа нар ч ёс бус аашилж байна” гэсэн байна.

Германчууд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн жагсаалаа эртнээс бэлтгэж байжээ. Тэд АНУ, Канадтай байгуулах чөлөөт худалдааны бүсийг эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногт томоохон жагсаал хийсэн юм. Түүнчлэн экологийн асуудлыг шийдвэрлэхэд ахицтай зүйл хийхийг, глобалчлалыг шударга явуулахыг иргэд шаардаж байна.

Дэлхийн лидерүүд цугларах дээд хэмжээний уулзалтын үеэр томоохон эсэргүүцэл өрнөхийг бодолцон Хамбург хотод түр саатуулах байрыг олноор барьжээ. 20 мянга гаруй цагдаагийн албан хаагч аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа гэнэ.

Өчигдөр Хамбургт нэгэн ер бусын жагсаал болсон нь “Зомби” нэртэй, явж буй үхдэлүүдийг харуулсан эсэргүүцлийн арга хэмжээ байжээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Top