Хамбург хотод болж байгаа “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, АНУ-ын Ерөнхийлөгч нар анх удаагаа уулзалдлаа. Путин, Трамп нарын энэ уулзалт нь сүүлийн хагас жилд дэлхий дахинд хамгийн хүлээлт үүсгэсэн үйл явдал байсан юм. Тэдний уулзалтыг сурвалжлахаар маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл цугларч, хаа явсан газар нь видео камер дагаж байжээ. Уулзалт цөөн хором үргэлжлэх байх гэж хоёр тал мэдэгдэж байсан ч Путин, Трамп нар хоёр цаг гаруй ярилцлаа. Дээд хэмжээний уулзалтын үеэр тэд бусад олон Төрийн тэргүүнтэй уулзах байсан ч тодорхой цагт баригдахгүйгээр тухтай уулзалдав. Путин, Трамп хоёрын уулзалт 20 минутаар хожимдож эхэлсэн ч хоёр цаг гаруй үргэлжилж, тэд хоёул АНУ, Оросын харилцаанд ахиц гарсан гэдэгт итгэлтэй байгаа аж.
Хаалттай уулзалт хийхээсээ өмнө Путин, Трамп хоёр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд гар барилцан зураг авахуулж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эхлээд үг хэлэн “Ноён Ерөнхийлөгч тантай уулзахдаа их баяртай байна. Бид олон асуудлын талаар ярилцана. АНУ, Орос хоёр болон бусад улсын харилцаанд дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Трамп Путинийг хүндлэн тохойноос нь барин гар барьж байсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч “Хоёр улсын болон бусад олон орны чухал асуудлуудыг хэлэлцэх гэж байгаа үед утсаар ярих нь хангалттай биш. Биечлэн уулзах нь шаардлагатай зүйл. Ноён Ерөнхийлөгч тантай танилцсандаа их баяртай байна. Таны хэлснээр бидний уулзалт эерэг сайхан болно гэдэгт найдаж байна” гэжээ. Ийнхүү тэд дахин гар бариад сэтгүүлч нарын сонирхсон асуултыг үл сонсон хоорондоо шивнэлдэн ярьж байгаа нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох зураг, дүрс бичлэг болж байна. Трамп Путинтай дахин дахин гар барихдаа нөхөрсгөөр алгаа нийлүүлэн атгаж байсан нь АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн өвөрмөц мэндчилгээ байлаа.
Дараа нь тэд хэвлэл мэдээллийнхэнд хаалттай уулзалт хийхээр явахад Трамп их баяртай байжээ. Тэрбээр “Их 20”-ийн уулзалтын өмнө “Худал ярьж байдаг хэвлэл мэдээллийнхэнд дургүй. Тэд үйл явдлыг гуйвуулдаг. АНУ-ыг тэд биш бид дахин агуу гүрэн болгоно” гэж байсан юм.
Трамп Путинтэй уулзахыг тэсч ядан хүлээж байгаагаа илэрхийлж байсан билээ. Мөн бусад олон орны Төрийн тэргүүнтэй уулзах өдрийг хүлээж буйгаа Хамбург хотод “Их 20”-ийн уулзалт эхлэхийн өмнөх өдөр “Твиттер”-тээ бичсэн байна.
Путин, Трамп хоёрын уулзалтад Германы Канцлер Ангела Меркель байлцана гэсэн мэдээлэл байсан ч тэдэнтэй хамт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар байлцлаа. Төрийн тэргүүнүүдийнхээ уулзалттай зэрэгцэн тэд бас хэлэлцжээ.
Хаалттай уулзалтынхаа дараа Путин мэдээлэл хийж “Японы Ерөнхий сайд Шинзо Абэгаас өөрийнхөө болон Трампын өмнөөс уучлалт хүсье. Бид олон асуудлыг хэлэлцлээ. Абэтэй уулзах цагаасаа хоцорлоо” гэж үгээ эхэлжээ. АНУ, Оросын Төрийн тэргүүнүүдэд ярилцах асуудал их байсныг Путин хэлээд “Украин, Сирийн асуудал болон бусад ярих зүйл бидэнд их байлаа. Хоёр улсын зарим асуудал ч байсан. Бид терроризмтой тэмцэх болон кибер аюулгүй байдлын асуудалд эргэж орлоо. Хоёр улс хамтран эдгээр зүйлтэй тэмцэнэ” гэжээ. Уулзалтын үеэр Доналд Трамп ОХУ-ын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэх асуудлыг хэд хэд сөхжээ. Тэд кибер дайралтын эсрэг хамтран тэмцэхээр санал нэгдсэн байна.
Украины асуудал дээр тэд Минскийн гэрээний үндсэн дээр ажиллаж, АНУ, Орос хоёр нягт холбоо тогтоож байдлыг зохицуулна гэлээ. Харин Сирийн мөргөлдөөнтэй бүсүүдэд энэ сарын 9-нөөс эхлэн гал зогсоохоор ярилцжээ.
Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтын дараа “Орос улс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөөгүй гэдгийг Ерөнхийлөгч Путин илэрхийлэхэд Трамп хүлээж авсан” гэжээ.
О.Чанцалдулам