ХБНГУ-ын Хамбург хотод өчигдөр, өнөөдөр хоёр болж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр глобалчлалыг эсэргүүцсэн жагсаал болж байна. Жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. 200 цагдаа гэмтэж бэртэн 10 хүн баривчлагдсан байна. Эсэргүүцэгчдийг даралттай ус, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглан тарааж байгаа аж.
Жагсагчид дээд хэмжээний уулзалтын эхний өдөр АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампын байрлаж байсан зочид буудлыг бүслэн авсан байна. Аюулгүй байдлын үүднээс тэрбээр буудлаасаа гарч чадаагүй аж. Тийнхүү Меланиа тэргүүн хатагтай нар зурагаа даруулах ёслолд оролцож чадаагүй гэнэ.
Эсэргүүцэгчид мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний буусан зочид буудлыг бүсэлсэн ч түүний ажлын хуваарийг нь тасалдуулж чадаагүй аж.
“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт эхлэхээс долоо хоногийн өмнөөс Хамбург хотод янз бүрийн жагсаал болсон юм. Глобалчлал, экологийн асуудлыг эсэргүүцсэн олон мянган хүн “Явж буй үхдэлүүд” нэртэй жагсаал зохион байгуулсан билээ. Тэд зомби шиг харагдахаар хувцаслан нүүрээ будсан бол өнөөдөр хэсэг хүмүүс хос хосоороо зам дээр үнсэлцэх жагсаал зэргийг хийж байна. Жагсаалыг тэр дор нь тараах арга хэмжээ авч байгаа юм.
О.Саша