Трампын томилгоог эсэргүүцсэн хэвлэлийн төлөөлөгч нь ажлаа орхив

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 22

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Шон Спайсер огцорч байгаагаа мэдэгдлээ. Хэвлэл мэдээллийнхэнтэй байнга маргадаг, шулуун үгтэй түүнд сэтгүүлчид төдийгүй америкчууд дургүй байсан юм. Спайсерыг хэвлэлийнхэн хэт шулуун, дипломат бус хүн гэдэг байв. Түүний энэ зангаас болж Цагаан ордонд болдог хэвлэлийн бага хурал, мэдээллүүд сүүлийн үед камергүйгээр явагдаж байжээ. Мөн орлогч Сара Сандерс нь түүнтэй хамт байнга гарч ирдэг байсан юм.

Шулуун шударга Шон Спайсерт Трампын томилсон Цагаан ордны харилцаа холбооны захирал Энтони Скарамуччи таалагдаагүй аж. Санхүүч түүнийг энэ албан тушаалд томилсныг Спайсер том алдаа гэж үзжээ. Түүнтэй хамтран ажиллаж чадахгүй болсон учир огцорч байгаагаа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг мэдэгдлээ. “Энэ гайхалтай орны том албанд зүтгэж, Ерөнхийлөгчтэй хамт ажиллах надад нэр төрийн хэрэг байлаа” гэж Спайсер сүүлчийн удаа мэдэгдлээ хийсэн. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Засаг захиргааныхаа болон америкчуудын нэрийн өмнөөс Шон Спайсерын гүйцэтгэсэн ажилд талархаж байгаагаа илэрхийлье. Түүний шинэ ажилд нь амжилт хүсч байна. Шоны телевизийн салбарт гаргах их амжилтыг та бүхэн харж л байгаарай” гэжээ.

Тэгвэл одоо зөрүүд нарийн бичгийн оронд түүний туслах Сара Сандерс Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах юм байна. 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Soongo(103.26.195.195) 2017 оны 07 сарын 22

Ёс суртахуунтай л шийдвэр гаргасан байна, нэгэнт л асуудалд хандах хандлага таарахгүй бол хамтарч ажиллаад ажлын үр дүн гарахгүй, тийм болохоор холдсон нь л дээр, гарцаа зөв хардаг хүн байна гэж үзэж байна

0  |  0
Top