Залуухан, хараахан туршлага суугаагүй гэмээр насандаа улс орны удирдагч болж, дэлхийд үлгэр дуурайлал болж яваа лидерүүдийн талаар өгүүлэх гэж байна. “Ассошейтэд пресс” агентлагийн гаргасан рейтингээр энэ жагсаалтыг 39 настайдаа Францын Ерөнхийлөгч болсон Эммануэл Макрон тэргүүлж байна. Дэлхийн залуу лидерүүдээс суралцах зүйл их. Тэд өөр өөрсдийн өвөрмөц арга ухаантай удирдагчид гэдгийг доор өгүүлнэ.
Эммануэл Макрон
Макрон ирэх арванхоёрдугаар сарын 21-нд 40 нас хүрнэ. Тэрбээр 37 настайдаа Францын Эдийн засгийн сайд болсон байсан юм. 2016 онд “Бүгд найрамдах улс урагшаа!” намыг үүсгэн байгуулж, удирдагч нь болсон тэрбээр өнгөрсөн жил Францын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэхэд гайхаж байсан хүн цөөнгүй. Гэвч тэр энэ оны тавдугаар сарын 14-нөөс Францын Ерөнхийлөгч болсон юм.
Пикардийн их сургуулийн мэдрэл судлалын профессор Жан-Мишел Макрон болон эмч Франсуаз Макрон-Ногес нарын гэр бүлд төрсөн Эммануэл Парисын их сургуулийн улс төр судлалын сургуульд элсчээ. Тэрбээр 1999-2001 онд Францын нэрт философич Поль Рикёрын туслахаар ажилласан байна. Хөрөнгө оруулалтын банкир байхдаа Макрон “Санхүүгийн Моцарт” гэх нэртэй болжээ. 2012-2014 онд Ерөнхийлөгч Франсуа Олландын засаг захиргаанд ажиллаж байхдаа ч шилдэг нь байсан аж.
Эммануэл Макроныг засгийн эрхэнд гарахад хамгийн их нөлөөлсөн зүйл нь эдийн засгийг өсгөх, идэвхтэй байх бодлого юм. “Макроны хууль” нэр авсан энэ бодлого нь 2015 оны наймдугаар сараас хэрэгжжээ. Тийнхүү Э.Макрон өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 6-нд хожмоо нам болсон “Урагшаа” хөдөлгөөнөө байгуулсан билээ. Түүний нам баруун, зүүн аль ч талынх биш гэдгийг тэрбээр хэлдэг. Макрон Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ мэдэгдэж “Хувьсгал” гэх хөтөлбөр номоо хэвлүүлсэн нь шууд бестселлер болсон.
Франц улсын Ерөнхийлөгчийн албаны түүхэн дэх хамгийн залуу Төрийн тэргүүн болсон Эммануэл Макроны ялалтыг зарим судлаач түүний гол өрсөлдөгч Марин Ле Пен Ерөнхийлөгч болчих юм бол улс оронд нь үүсэх тогтворгүй байдлаас айсандаа иргэд Макроныг сонгосон гэж үздэг. Өнгөрсөн тавдугаар сард Макрон “Бүгд найрамдах улс урагшаа!” намын даргын албан тушаалаасаа татгалзсан билээ. Терроризмын эсрэг хатуу байр суурьтай Макрон улс орондоо хатуу хяналт тогтоож, онц байдлаа цуцлахгүй байгаа нь иргэдэд нөгөө талаараа дарамт болж байгааг францчууд хэлдэг. Харин саяхан Ерөнхийлөгч иргэдийнхээ үгийг сонсч, ирэх намар гэхэд онц байдлыг цуцалж, иргэдийн эрх чөлөөг хязгаарласан хатуу хяналтаа зөөллөнө гэсэн билээ.
Э.Макроны хувийн амьдрал мөн л олны сонирхлыг татсан. Тэрбээр 2007 онд сургуульд байх үедээ дурласан франц хэлнийхээ багштай гэрлэжээ. Брижит Троньё түүнээс 24 насаар эгч юм. Тэдний дундаас төрсөн хүүхэдгүй. Брижитийн өмнөх гэрлэлтээс төрсөн гурван хүүхэдтэй Макрон атаархмаар сайхан харилцаатай байдаг аж.
Виктор Орбан
Виктор Орбан 1998 онд Унгарын Ерөнхий сайд болохдоо 35 настай байжээ. Тэрбээр 2002 онд албан тушаалаа орхиод 2010 онд суудалдаа эргэн ирсэн. Будапештийн их сургуулийн хуулийн факультетийг дүүргэсэн Виктор ажилдаа явахдаа Будапешт руу 90 км зам туулдаг байсан аж. Эхнэр Анико Леваи нь мөн хуульч. Тэд таван хүүхэдтэй.
2010 оны сонгуулиар Виктор Орбан 1998-2002 онд хийсэн алдаагаа ойлгож ухаарчээ. Нам нь ялснаар тэрбээр дахин Ерөнхий сайд болсон юм. Хөлбөмбөг бол түүний хобби. Ерөнхий сайд “Фельчут” хөлбөмбөгийн клубт тоглодог. Мөн клубийнхээ гол ивээн тэтгэгчдийн нэг.
Шарль Мишель
Шарль Мишель 2014 онд Бельгийн хаант улсын Ерөнхий сайд болохдоо 38 настай байв. 1840 оноос хойш тус улсын түүхэнд хамгийн залуу Ерөнхий сайд болжээ. 18 настайгаасаа мужийн зөвлөх зэргийн том албан тушаал хашиж явсан Шарль улсынхаа хоёр тэргүүлэх их сургуулийг дүүргэж, өмгөөлөгч болсон байна. Дотоод хэргийн сайд болохдоо тэрбээр 25 настай байжээ. Бельгийн түүхэн дэх хамгийн залуу сайд болсон байна.
2014 оны зургадугаар сард Бельгийн хаан Филипп Ерөнхий сайдын суудалд Мишелийг томилжээ. Энэ жил бельгичүүд төрөөсөө илүү сайн зүйл шаардаж жагсаал хийхэд Шарль Мишель тэдний өмнө инээмсэглэн гарч ирж, жагсагчдад буруу өгөхгүйгээ хэлсэн билээ. Гэвч цагдаа нар жагсаал хийсэн хүмүүсийг баривчилсан байна. Үүний дараа хэд хоногийн турш Ерөнхий сайдын гэр бүлийг заналхийлсэн, дотор нь сум хүртэл хийсэн захидал ирж байжээ. Шарль Мишелийн эхнэр Амели Дербаудренгьен нь түүнтэй нэг өдөр төрсөн аж. Тэд албан ёсоор гэрлээгүй.
Юри Ратас
Эстонийн Засгийн газрын тэргүүн Юри Ратас энэ албан тушаалд 38 настайдаа томилогджээ. Англи, орос, швед хэлтэй тэрбээр португаль хэлийг мөн цаг гарган судалж байгаа аж. Шатар тоглож, ном унших, мориор аялах дуртай Юри Ратас дэлхийд тэргүүлэх залуу удирдагч нарын тоонд ордог. Тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй.
Владимир Гройсман
Владимир Гройсман 2016 онд 38 настайдаа Украины Ерөнхий сайд болсон. Украины хурц хямрал дунд 2016 оны дөрөвдүгээр сард Дээд рада Ерөнхий сайд Арсений Яценюкийг огцруулж, Владимир Гройсманыг оронд нь томилжээ. 2016 оны арванхоёрдугаар сарын 25-нд В.Гройсманыг Израил улс “тааламжгүй этгээд” гэж нэрлэж, тус улсад хийх айлчлалыг нь цуцалж байжээ. Гэвч тэрбээр нөхцөл байдлыг дэвэргэхийг хүсэлгүй байдлыг тайвнаар хүлээж авчээ.
Владимир Гройсман Украины экс Ерөнхий сайд Юлия Тимошенког хээл хахуулийн эхлэл гэж үзэж байгаагаа зоригтой хэлсэн нэгэн. “Тэр бол Укрианы тусгаар тогтнолыг үгүй хийгч. Хээл хахууль, популизм, идэвхгүй байдал бол Юлия Тимошенкогоос эхлэлтэй. Тэрбээр 20 жил Украиныг үгүй хийх бүх зүйлийг хийсэн” гэж Гройсман хэлжээ. Хээл хахуульд буруутгагдсаныхаа дараа Юлия Тимошенко В.Гройсманыг авлигын хэрэгт эргүүлэн буруутгасан билээ. Украины сэтгүүлч нарын олж мэдээлснээр, Ерөнхий сайд Владимир Гройсман элитүүдийн амьдардаг газар хадам ээжид нь харьяалагддаг тансаг байранд Киевийн төвд амьдардаг гэнэ. Мөн хадам ээжийнхээ нэр дээр олон үл хөдлөх хөрөнгийг өөрийн болгон авчээ. Тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй.
Алексис Ципрас
Алексис Ципрас 2015 онд Грекийн Ерөнхий сайд болохдоо 40 настай байжээ. Сүүлийн 150 жилд Грекийн хамгийн залуу удирдагчаар нэрлэгдсэн. Харин Грекийн хямралын үед түүнд олон хүнд сорилт тулгарч байна. Ерөнхий сайд болсон жил нь Алексис Ципрасыг Грекийн түүхэнд анх удаагаа Засгийн газрын эмэгтэй тэргүүн болсон Василики Тану-Христофилугаар сольсон ч сарын дараа парламентын ээлжит бус сонгуулиар СИРИЗА нам нь дахин ялж, Ципрас суудалдаа эргэн ирсэн билээ.
Алексис Ципрас инженер мэргэжилтэй Перистера Базианатай гэрлэжээ. Тэд 1987 оноос ахлах сургуулиасаа эхлэн үерхсэн байна. Ерөнхий сайдынх хоёр хүүтэй. Ципрас хөлбөмбөгийн хорхойтон.
Европын Холбооны тусламжийн хариуд болон Грекийг евро бүсэд байлгаж байхын тулд Ерөнхий сайд төрийн секторт ажлын байрны тоог багасгахыг зөвшөөрсөн билээ. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн хатуу бодлого барих хэрэгтэй болсон нь иргэдэд хүндээр тусч байгаа ч Грек улс хямралд байгаа учир өөр арга байхгүй юм.
Жастин Трудо
43 насандаа Канадын Засгийн газрын тэргүүн болсон Жастин Трудо нь тус улсын 15 дахь Ерөнхий сайд Пьер Эллиот Трудогийн том хүү юм. Жастин 1979 оноос хойших хамгийн залуу Ерөнхий сайд. Жастиныг нэг нас ч бүрэн хүрээгүй байхад Оттавад нэгэн хүлээн авалт дээр түүний аав, Канадын Ерөнхий сайд Пьер Трудотой огт таардаггүй байсан АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон хундага өргөхдөө хүүд нь зориулж үг хэлж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн эхнэр Пэт Никсон Жастинд тоглоом бэлэглэж, Ричард Никсон “Канадын ирээдүйн Ерөнхий сайд Жастин Трудогийн төлөө” гэж хундага өргөж байжээ.
Жастин Трудод мэддэггүй, чаддаггүй зүйл гэж бараг үгүй. Тэрбээр Английн уран зохиолыг ч сонирхон судалсан нэгэн. Нийгмийг хамарсан олон судалгаа явуулж, франц хэл, математик зааж байсан гээд л бод. Мөн инженер болжээ. Ах нь нурангид даруулан амиа алдаж, цогцос нь олдоогүй, эцэг эх нь зургаахан настайд нь салсан гээд багагүй зовлон үзсэн Жастин гэр бүлийг нэн тэргүүнд тавьдаг. Тэрбээр телевизийн хөтлөгч, фото модель Софи Грегуартай гэрлэсэн, гурван хүүхэдтэй. Жастин амьдралын өндөр идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Ерөнхий сайд боксоор хичээллэж, тэмцээн уралдаанд оролцдог билээ. Мөн 2007 онд тэрбээр “CBC” телевизийн багахан цуврал кинонд тоглосон юм. “The Great War” цувралд Дэлхийн нэгдүгээр дайнд Канад улсын оролцоог өгүүлжээ.
Канадын Ерөнхий сайдын баримталдаг нэг зарчим нь “Исламын улс” зэрэг террорист байгууллагуудад эзлэгдсэн улс орон руу зэр зэвсэг гэхээсээ илүү эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламж илгээх.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр байнга түрээслүүлнэ. 99041126
Мундаг удирдагчид..
Fudfjdjdjaidㅇㅗeiekt