Мадуро: АНУ Венесуэлийг түрэмгийлэхээ зогсоо

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа тус улсын эсрэг явуулж байгаа түрэмгийлсэн бодлогоо зогсоохыг АНУ-аас хүслээ. “Ерөнхийлөгч Доналд Трампт хандаж байна. Венесуэл улсыг түрэмгийлэхээ болиоч. Венесуэл бол Карибын бүс болон Латин Америкийн тогтвортой байдлын суурь нь” гэж Мадуро хэлсэн байна. Венесуэл улс хуваагдаж, Боливарын хувьсгалаар зэвсэг барих хэрэгтэй болвол ард түмэн нь улс орноосоо дүрвэхэд хүрэхийг Ерөнхийлөгч хэлж байна. “Сайн бодоорой. АНУ ч, Венесуэл ч энх тайван амьдралыг хүсч байгаа. Түрэмгийллээ болиоч ээ гэсэн энэ гуйлтыг АНУ-ын удирдлагууд сонсч, түрэмгий бодлогоо зогсооно гэдэгт итгэж байна” гэж Николас Мадуро хэлжээ.

Өмнө нь АНУ-ын Сангийн яам Венесуэлийн 13 том түшмэлд хориг тавьсан билээ. Мадуро үүнийг маш хатуу хязгаарлалт байна гэсэн юм. Мадуро өнгөрсөн жил улс оронд нь төрийн эргэлт хийх оролдлогууд гарахад хэрэг явдалд АНУ-ыг буруутгасан. АНУ л тус улсад төрийн эргэлт хийж, хагалан бутаргахыг хүсч, босогчдыг санхүүжүүлж байгаа гэж Мадуро үздэг бол тухайн үед Ерөнхийлөгч байсан Барак Обама үүнийг үгүйсгэсэн билээ. Венесуэлд төрийн эргэлт болох гэж байгааг АНУ урьдчилан сануулж байсныг Обама хэлсэн.

Венесуэлийн нөхцөл байдал хүндэрсээр байна. Тус улсын эдийн засаг хямарч, ажилгүйдэл газар авч, ядуурлын түвшин нэмэгдсээр байгаа аж. Улс орон нь доройтож байгаад венесуэлчүүд Ерөнхийлөгчийгөө буруутгаж, огцрохыг шаардаж буй. Жагсаал сүүлдээ үймээн болон хувирч, Латин Америкийн хамгийн баян улс байсан энэ орон Сири, Ливийн араас орж байгаа гэхэд болно.

Венесуэлийн парламент Ерөнхийлөгч Мадурог огцруулахаар удаа дараа хэлэлцсэн ч тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд үүнд нь хориг тавьснаар суудалдаа үлдэж байгаа билээ. Иргэд Ерөнхийлөгчийгөө “дарангуйлагч” гэж үздэг аж. Мадурогоос л болж төрийн эргэлт, хямрал болж байгаа энэ үед түүний нэр хүнд маш доогуур болжээ. Николас Мадуро нь өмнөх Ерөнхийлөгч, улсынхаа түүхэнд чухал нөлөө үзүүлсэн хүнд тооцогддог Уго Чавесын гарын хүн байсан. Түүнийг таалал төгсөхөд Ерөнхий сайд байсан Мадуро түр Ерөнхийлөгчөөр томилогдож, удалгүй сонгуульд ялснаар Венесуэлийг удирдан залах болсон юм. Гэвч тэрбээр анх гарч ирсэн шигээ мундаг удирдагч биш байсан бололтой.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Виктор(172.58.56.146) 2017 оны 07 сарын 27

женкод их эрх мэдэл өгвөл нэг иймэрхүү л юм болох байх

0  |  0
ЗочинНэк(182.160.3.136) 2017 оны 07 сарын 27

Николас Мадуро гэдэг нь манайхаар бол Ухнаагийн Хүрэлсүх юм даа, хөөрхий. Боловсрол тааруу, муйхарлах арга замыг эрхэмлэдэг.

0  |  0
Top