АНУ Орост дайн зарлаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

АНУ-ын Төрийн департамент ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ худалдааны дайн гэж үзэхгүй байна. Харин Оросын тал АНУ тус улсад худалдааны дайн зарлалаа гэсэн юм. “Хориг арга хэмжээ авсан нь Орост худалдааны дайн зарласан явдал биш. Зарим нэг орны зарим нэг хүн ийм буруу зүйл ярьж байна” гэж Төрийн департаментын мэдэгдэлд өгүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 2-нд Оросын эсрэг хоригийн баримт бичигт гарын үсэг зурсан юм. АНУ-ын Конгрессын баталсан энэ хуулийн төсөлд Трампаар гарын үсэг зуруулах гэж түшмэд нь улайран шахсан гэсэн мэдээлэл бий. Ерөнхийлөгчөөрөө гарын үсэг зуруулж, Оросыг чадсандаа урамшсан Конгресс одоо Трампыг өөрийг нь шахаж байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. ОХУ-ын эсрэг хориг тавихаар яаран бодлогогүй алхам хийлээ гэж Трамп Конгресстоо сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. “АНУ, Оросын харилцааг доод түвшинд үнэлж байгаа Конгресст харамсч байна” гэж Ерөнхийлөгч хэлсэн удаатай. ОХУ, АНУ-ын харилцаа аюултай түвшинд байгааг хэлж, Конгресстойгоо санал нийлэхгүй байгаа Трамптай Орос улс харин жинхэнэ утгаараа хамтран ажиллах хүсэлтэй байна.   

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “АНУ энэ хоригоороо Орост худалдааны дайн зарлаж байгаа хэрэг мөнөөсөө мөн” гэжээ. Түүнчлэн “АНУ Оросын иргэдэд виз олгохоо удаашруулж, аль болох олгохгүй байхаар ажиллаж байгаа нь дипломат ажилтнуудыг нь гаргасанд дургүйцсэн хэрэг бус, харин ОХУ-д шахалт үзүүлж байгаа явдал" гэж Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова ярьж байна. Сүүлийн таван сард АНУ оросуудад виз олгох хугацаагаа хэд дахин уртасгажээ. Визний хүсэлт мэдүүлснээс 10 орчим хоногийн дараа ярилцлагад дууддаг байсан бол одоо ярилцлагыг сар гаруйн дараа товлож байгаа аж. АНУ үүндээ Оросын тал буруутай гэж харагдуулахыг хичээж байгааг Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч хэлсэн байна. АНУ Орост тавьсан хоригоороо иргэдийнх нь амьдралыг доройтуулахаар улайрч байгаа ч энэ бүхэн нь биелэхгүй гэж Мария Захарова хатуу хэлжээ.

ОХУ АНУ-тай дипломат харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаа ч үүссэн нөхцөл байдлаас үүдэн дипломат ажилтнуудынх нь тоог цөөлж байгааг Путин мэдэгдсэн юм. Тэрбээр АНУ-ын 755 дипломатчийг ОХУ-аас гаргаж байгаадаа харамсч буйгаа илэрхийлсэн билээ. Оросын Ерөнхийлөгч “АНУ-ын авч байгаа хориг арга хэмжээг удаан тэвчлээ. Гэвч энэ нь байнга дуугүй хараад сууна гэсэн үг биш. Одоо бид хариу хориг тавина” гэж Цагаан ордон энэ сарын 2-нд ээлжит хоригоо батлахын өмнө мэдэгдсэн. Тийнхүү Путин урьтан хориг тавьж, ОХУ дахь АНУ-ын дипломат ажилтнуудын тоог цөөлсөн билээ. Гэхдээ Путин үүгээрээ АНУ-д дайн зарлахыг хүссэнгүй. АНУ-ын адил дайсагнасан үйл ажиллагаа явуулахаас татгалзан дипломат харилцааны хэм хэмжээг зөрчихгүй байхаар ОХУ-ын Ерөнхийлөгч хичээж байгаа нь туршлагатай улстөрчийн хувьд АНУ-ын дотоодод юу болж байгааг гадарлаж байгаагийнх биз ээ. Путин өнгөрсөн сард АНУ-ын хэрэгжүүлж байгаа хоригууд, Ерөнхийлөгчийн сонгуульд нь нөлөөлсөн гэж ОХУ-ыг буруутган өөрийн Төрийн тэргүүн рүүгээ чичилж байгааг улс төрийн дотоод тэмцэлтэй нь холбон тайлбарласан юм. Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг зогсч байгаа түшмэд түүнийг унагах арга хайж, Оростой холбоотой гэх нотолгоо хүртэл цуглуулж байна гэж Путин тун чиг тайван хариулт өгсөн. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын нэр хүнд гарч ирсэн үеэсээ хамаагүй ихээр унажээ. Үүний хажуугаар Конгресс нь түүнийг шахаж бодлогогүй үйлдэл хийлгээд дараа нь огцруулж, импичмент зарлахаар төлөвлөж байгаа нь олон улсад илэрхий болоод байна.   

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.95.252) 2017 оны 08 сарын 04

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Зочин(66.181.180.114) 2017 оны 08 сарын 04

АНУ дэлхийд дайн зарлалаа та нарын энэ бодлогогүй үйлдэл чинь дэлхийн хэмжээний их хямралыг авчрах эхлэлийг тавилаа . Трамп хэлсэн амандаа хүрсэнгүй . Бид бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй АНУ- ыг үйлдвэрлэгч орон болгоно гэсэн биз дээ.

0  |  0
Top