АНУ дайсантайгаа дотноссоны учир

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 10

Америкийн цэргүүд дахин Вьетнам руу очиж байна. 2018 онд 40 гаруй жилийн дараа анх удаагаа АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч Зүүн өмнөд Азийн энэ орны эрэгт очно. Ийм тохиролцоонд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар хүрчээ. Мөн ирэх арваннэгдүгээр сард Ханойд Ерөнхийлөгч Доналд Трамп айлчлах аж. Нэгдсэн улсын дайсан байсан улс холбоотон нь болж хувирсанд олон улс гайхах нь мэдээж. Хоёр улсын харилцаа сайжрахад Вьетнамд олзонд байсан сенатор Жон Маккейн их үүрэг гүйцэтгэжээ.

АНУ, Вьетнамын Батлан хамгаалахын сайд нар болох Жеймс Мэттис, Нго Хуан Лить нар батлан хамгаалах болон цэргийн техникийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. Энэ талаар Вьетнамын Батлан хамгаалахын яамны тэргүүний АНУ-д хийсэн айлчлалын дараа Пентагоны хэвлэлийн алба мэдээлэв.

Хоёр орны сонирхол нэг байж Батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж, хөгжихийг Пентагоны тэргүүн Жеймс Мэттис хэлж байжээ. АНУ, Вьтнамын цэргийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хамгаалахад том алхам болно гэж Нго Хуан Лить ярьсан байна.

АНУ-ын нөлөө бүхий сенатор, Вьетнамд таван жил олзонд байсан Ж.Маккейн нь хоёр орны харилцааг хэвийн болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж “The Telegraph” сонин онцолсон байлаа. Жон Маккейн 2015 онд Америкийн зэвсгийг Вьетнамд нийлүүлэхийг хориглосон хоригийг цуцлахыг чармайн дэмжсэн байна. Тийнхүү 2016 онд Барак Обамагийн засаг захиргаа уг хоригийг цуцалж байжээ. “АНУ Вьетнамтай харилцаагаа өргөжүүлж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэж Жон Маккейн энэ жил тус улсад айлчлахдаа хэлж байсан аж.

Вьетнамын дайн дууссанаас 40 жилийн дараа 2015 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Вьетнамын Коммунист намын тэргүүн Нгуен Фу Чонг нар Цагаан Ордонд уулзсан. Тэд хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын анхаарлыг татсан түүхэн үйл явдал болсон билээ. Хоёр улсын харилцааны түүх хүнд байсныг Обама хэлээд “Бид үзэл бодол, улс төрийн тогтолцооны хувьд өөр хэвээр. Гэхдээ бид хичээл зүтгэл гаргасны ачаар харилцан нэгнээ хүндэлсэн, найрсаг харилцааг тогтоож байгаа” гэж мэдэгдсэн.

Уг уулзалтаар Вьетнамын дайнаар амссан хохирлыг арилгах талаар ярилцаж, хэд хэдэн тохиролцоонд хүрсэн байдаг. Дайны үед дэлбэрээгүй үлдсэн сум, бөмбөгийг аюулгүй болгох болон хорт бодист өртсөн хүмүүсийг эмчлэхэд АНУ туслахаар болжээ. Харин Вьетнамын тал сураггүй алга болсон америк цэргүүдийг хайх ажлыг эхлүүлсэн байна. 1965-1973 онд АНУ Вьетнамын иргэний дайнд Өмнөд Вьетнамыг дэмжин оролцож, 50 мянган цэргээ алдсан түүхтэй. Энэ дайнаар хоёр сая вьетнам хүн амь үрэгдсэн гэсэн тоо баримт байдаг.

Тэгвэл Обамагийн эхлүүлсэн дипломат алхмыг Трампын засаг захиргаа ч үргэлжлүүлэн хуучин дайснаа холбоотон болгож байна. Мэдээж үүнд нь өөр ашиг сонирхол бий гэж олон улсын ажиглагч нар үзэж буй. Тэр нь 2014 онд Хятад улс газар нутгийн маргаантай арлуудад үйл ажиллагаа явуулж, Вьетнамын эрэг орчимд нефть олборлох үйлдвэр байгуулж эхэлсэн явдал юм. АНУ, Вьетнам хоёр холбоотон болсноор Ази, Номхон далайн бүс нутаг дахь Хятадын нөлөөг зогсоож чадна гэж үзжээ.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gnaa(2.64.1.140) 2017 оны 08 сарын 10

Orosuud gj gaitai ulsuud bnaa odoo ch heveeree durak ivanuud

0  |  0
Ккк(103.229.120.140) 2017 оны 08 сарын 10

Мөнхийн дайсан гэж байхгүй мөнхийн эрх ашиг гэж байдаг гэж энэ дээ

0  |  0
m(103.57.92.88) 2017 оны 08 сарын 10

dood mal tenegtej ogchee... amerikuud kolonchilogch fransiig demjseer l iim baidald hvrsen sh dee..

0  |  0
зочин(66.181.184.172) 2017 оны 08 сарын 10

АНУ, Вьетнам хоёр угаасаа дайснууд байгаагүй л дээ, ЗХУ л дундуур орж жонхуу хутгаж байснаас, одоо тэр ЗХУ нь социализм, коммунизмтайгаа байхгүй болчихоор ингэхгүй гээд яахийн

0  |  0
Top