Японы Канагава мужийн цагдаа нар 36 настай эрэгтэйг баривчилжээ. Түүнийг тавдугаар сарын 29-ний өглөө долоон цагт Сагамихара хотын эмийн сангаас эм хулгайлсан хэрэгт буруутгасан аж. Хэргийн талаар тодруулбал, “Сэжигтэн өөрөө тус мужийн оршин суугч. Түүнийг Ёошио Накамура гэдэг. Тэрбээр Сагамихара хотын эмийн сангаас 40 багц, 210 мянган иений үнэтэй эм хулгайлсан” гэв. Уг хэргийн талаар “Sankei Shimbun“ мэдээлэхдээ, “Ёошио Накамурагийн хулгайлсан эм нь "хүүхэд төрүүлэх" үйлчилгээтэй” гэжээ.
Канагава мужийн цагдаа нар түүнийг баривчилж, байцаалт авчээ. Энэ үеэр тэрбээр хэргээ хүлээсэн. Мөн хулгайлсан эмээ Хятад хүнд 100 мянган иенээр худалдсан тухайгаа ярьжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, “Манай эхнэр Индонез хүн. Би эхнэрээ төрсөн нутагт нь буцаах хэрэгтэй байсан. Иймд надад зардлын мөнгө хэрэгтэй учраас ийм зүйл хийсэн юм” гэв. “Tokyo Reporter”-ийн мэдээлж буйгаар, Ёошио Накамура эмийн санд учруулсан хохирлоо төлөхөө цагдаа нарт амласан. Гэвч амлалтаа биелүүлэхгүй Индонез руу зугтсан байжээ.
Ёошио Накамура хэдий зугтсан боловч энэ сарын 10-ны өдөр баригдсан аж. Түүний хэргийг шалгаж үзэхэд өөр нэг эмийн сангаас адил эм хулгайлсан болохыг тогтоосон талаар “TBS News” мэдээллээ.
Д.Галаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )