ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-д хандан Афганистан дахь цэргийн үйл ажиллагаагаа зогсоохыг хүслээ. Оросын Ерөнхийлөгчийн Афганистаны асуудлаарх тусгай төлөөлөгч Замир Кабулов “Америкийн засаг захиргаа Афганистанаас цэргээ гаргах ёстой. Амжилтгүй болсон цэргийн кампанит ажлаа зогсоо” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн “ОХУ хэзээ ч АНУ-ыг Афганистанаас цэргээ гаргахыг яаруулж байгаагүй. Гэхдээ АНУ-ын арми юу ч хийж чадахгүй. Афганистанаас явсан нь дээр. Нэгдсэн улсын Афганистан дахь ажиллагаа амжилтгүй болсон” гэжээ.
Үүнээс өмнө АНУ-ын армийн нөлөө бүхий хэд хэдэн генерал Афган дахь 16 жил сунжирсан ажиллагаа шившиг болж байна гэж хэлж байсан юм. АНУ гурван жилийн өмнөөс Афган дахь цэргийн тоогоо цөөрүүлнэ гэсэн билээ. АНУ нь Вашингтон, Нью-Йоркт болсон халдлагын хариуд 2001 оны аравдугаар сард Афганистан дахь цэргийн ажиллагаагаа эхэлсэн. Ерөнхийлөгч Барак Обама гурван жилийн өмнө “Бид 13 жил дайны байдалтай байлаа. Одоо цэргийн ажиллагааг дуусгана” гэсэн юм. Гэхдээ Афганд 10 мянга гаруй америк цэрэг үлдсэн байна. Обама хэлэхдээ “АНУ-ын цэргийн кампанит ажлын ачаар афганчууд улс орноо сэргээж чадсан. Мөн АНУ-ын аюулгүй байдал бэхэжсэн” гэсэн билээ.
Афганистанаас цэргээ бүрэн гаргаагүй шалтгаанаа Обама америк цэргүүд, тэр дундаа сургагч багш нар афган цэргийнхэнд туслаж, аюулгүй байдлаа чангатгахад нь дэм үзүүлнэ гэж тайлбарласан. Харин олон улс үүнд нь дургүйцэж, олон жил дайны эх үүсвэр болохоос өөр зүйл хийхгүй байгаа америк цэргүүдийг Афганистанаас гаргах ёстой гэдэг юм. Удаан хугацаанд чимээгүй байсан ОХУ АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанд хандан амжилтгүй ажиллагаагаа дуусгавар болгохыг хүслээ.
Афганистан дахь цэргийн ажиллагаа 13 жил үргэлжилсэн нь орчин үеийн түүхэн дэх хамгийн урт дайн болжээ. Сүүлийн жилүүдэд АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны цэрэг шахалтад орж, Афганистаныг орхин гарч байгаа нь энэ юм. Тус улсын аюулгүй байдлыг дотоодын арми, цагдаад хүлээлгэн өгөх нь зөв шийдэл гэж олон улс үздэг ч “Талибан”, “Исламын улс” зэрэг хэт даврагч бүлэглэлийн түрэмгийлэл нь Афганыг сүйтгэх вий гэсэн болгоомжлол байгаа аж. Иймээс Британи, АНУ хоёр цэргийн сургагч багш нараа Афганистанд үлдээжээ.
“Аль Каида” алан хядагч бүлэглэлийнхэн АНУ-ын онгоцуудыг барьцаалж, Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг болон Пентагоныг мөргөн довтолсон аймшигт террорист ажиллагааг дэлхий мэднэ. Үүний дараа АНУ, НАТО тэргүүтэй олон улсын цэргийн хүчин Афган дахь “Аль Каида”-г устгахаар дайран орж, дайн эхэлсэн түүхтэй. Холбоотны цэрэг Афганистанд талибуудын дэглэмийг түлхэн унагаж, тус улсад иргэний Засгийн газрыг бий болгосон. Талибууд ялагдаж, эрх мэдэлгүй болсон ч халдлага гарсаар байна. Үүнийг гадаадын цэрэг Афганистанд байгаатай холбон үздэг. Гадны цэргийг гаргалгүйгээр талибуудтай хэлэлцээрт хүрч, дайн зогсоно гэж саналтгүйг Афганы эрх баригчид хэлж байна.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 3 )
Оросууд талибуудтай сүнжирж байгаад баригдсан шүү дээ.
АНУ өөдөөс нь зөрүүлээд ОХУ сирээс гар л гэх байлгүй дээ кк