Филиппинд хар тамхины эсрэг тэмцэл өрнөөд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тус улсын Ерөнхийлөгчөөр өнгөрсөн жил Родриго Дутерте сонгогдсоноос хойш өрнөж байгаа хар тамхичдын эсрэг хатуу тэмцэл нь олон зуун хүний аминд хүрч, хэдэн мянган хүнийг шоронд хориод байна. Дэлхийн бусад улс болон олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс хурц шүүмжлэлтэй тулгарч байгаа энэ ажиллагаа хэзээ зогсох нь тодорхойгүй байдаг. Ерөнхийлөгч Р.Дутерте олон улсын эсэргүүцлийг няцааж, улсынх нь хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулдаг. Тэрбээр бодлогыг нь хурцаар шүүмжилсэн АНУ-тай харилцаагаа тасалсан гэхэд болно. Р.Дутерте өнгөрсөн жил Барак Обамаг хөнгөн явдалтай эмийн хүү гэж доромжилсон ч удаатай.
Улсаа хар тамхигүй болгох гэсэн түүний тэмцэл нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг харуулсан бас нэгэн үйл явдал өчигдөр болжээ. Мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр цагдаа нар 32 хүний аминд хүрсэн байна. Филиппин улс хар тамхины эсрэг тэмцэж эхэлснээс хойш нэг дор хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол энэ болжээ.
Ажиллагааны үеэр хар тамхичид эсэргүүцэл үзүүлсэн учир буудахаас өөр аргагүй байсан гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Тэд мөн 100 гаруй хүнийг баривчилжээ. Ерөнхийлөгч Р.Дутерте өнгөрсөн жил хар тамхины бүлэглэлийнхэн үйлдэл дээрээ баригдаад эсэргүүцэл үзүүлвэл буудаж хороохыг цагдаа нартаа даалгасан нь олон улсын дургүйцлийг төрүүлсэн билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
Филиппинд хар тамхинаас болж жилд хэдэн мянган хүн нас барж, хэдэн арван мянган айл амьдын тамд амьдардаг. Хэдхэн зуун наймаачинг буудах нь зөв гэж шийдсэнийг буруутгах аргагүй байхаа.
Зөв ингэж л дарж авахгүй бол диилдэхгүйш дээ