Дэлхий дахинд одоо ч алдартай, олон хүний зүрх сэтгэлийг булаасан гүнж Диана авто ослоор амиа алдаад 20 жил өнгөрч байна. 1997 оны наймдугаар сарын 31-нд тэрээр Парист найз залуутайгаа явж байгаад ослоор нас барсан юм. Гүнжийг өөд болсны 20 жилээр Их Британид олон арга хэмжээ болж буй. Хүүхдүүд нь ээжийнхээ дурсгалыг мөнхлөх ажлаа өргөжүүлж байгаа бол түүний бие хамгаалагч байсан 68 настай Алан МакГрегор “The Sun” сонинд осол зохион байгуулагдсан байсан талаар ярьжээ.
МакГрегор Диана гүнжийн буусан байсан “The Ritz” зочид буудалд аюулгүй байдлын дүрмүүд бүгд зөрчигдсөн байсан талаар өгүүлж байна. Гүнж айж байгаагаа үргэлж хэлж байсан гэнэ. Гэвч хэн ч түүнээс яагаад айж байгааг нь асуугаагүй аж. Бие хамгаалагч нь ярихдаа “Түүнийг нас барсан шөнө эхнэр маань намайг сэрээж эмгэнэлт мэдээг хэлэхэд би юунд ч гайхаагүй. Гүнжийн машины араас хамгаалалт дагаагүй. Түүнийг арын хаалганы хажууд хамгаалалтгүйгээр суулгасан байсан. Аюулгүй байдлын багийнхан гүнжийг хамгаалах бүх арга хэмжээг авч, бүгдийг шалгах ёстой байсан юм. Жолооч Анри Поль сайтар мэргэшсэн хүн биш байсан. Түүнийг жолооны ард суулгах хэрэггүй байсан юм. Бас зочид буудалд хэн хэн буусныг судлах ёстой байсан” гэжээ.
Жолооч А.Полийн цусанд хийсэн шинжилгээгээр уусан архиных нь хэмжээ зөвшөөрөгдсөн нормоос гурав дахин илүү байсан гэж гарчээ. Гүнжийн бие хамгаалагч “Бид хамгаалалтын албаараа нийлээд Дианаг юу үхэлд хүргэж болох талаар ярилцдаг байсан. Боломжтой хувилбаруудыг ярьж байхад авто осол хамгийн эхэнд байсан юм. Та нар үүнийг эмгэнэлт явдал гэж хардаг байх. Гэхдээ би үүнийг хагас жил төлөвлөгдсөн байсан аллага гэж сэтгэлийнхээ гүнд боддог юм” гэсэн байна.
Түүнчлэн гүнжийн жолооч Анри Полийн аав Жан хүү нь осолд буруугүй, тэр хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй талаар ярьжээ. Шинжилгээний хариуг зохиомлоор хийсэн гэдэгт тэрээр итгэлтэй байсан аж. Диана болон түүний найз Доди аль-Файедыг алах гэсэн хүмүүс Анриг ашигласан гэж аав нь үзсэн байна. Диана гүнж, тэрбумтан Доди аль-Файед хоёр хуримаа хийж магадгүй байсан нь үхлийнх нь шалтгаан болжээ. Уг хурим Их Британийн хатан хааны гэр бүлд том дуулиан болох байсан юм.
Диана гүнжийн үхэл золгүй явдал бус сайтар зохион байгуулагдсан аллага гэдгийг нотлох хэд хэдэн зүйл байдаг. Эдгээр нь, гүнж Парисын Альма талбайн гүүрээр явахдаа суух гэж байсан машинаа сольж суусан, аймшигт осол болж түргэн тусламж дуудахад их удаж ирсэн, ослын үеэр учир битүүлэг цагаан машин гүүрэн доор үзэгдсэн зэрэг юм. Мөн жолооч яагаад согтууруулах ундаа хэрэглэсэн байв, түүний нүдийг хурц гэрэл гялбуулсан зэрэг нь учир битүүлэг юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Arabiin tsysiig angil zuvshuuruhgvie