Суданы нийслэл Хартум хотод өчигдөр Оросын элчин сайд Миргаяс Ширинский нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа талаар ОХУ, Суданы Гадаад хэргийн яам болон Хартум хотын цагдаагийн газар мэдээллээ. Элчин сайдыг гэрээс нь олсон байна. Эмч дуудсан ч түүнийг аврахад оройтсон байжээ. Элчин сайдыг зүрхний хурц шигдээс болсон гэж үзэж байгаа аж. Мөн тархинд нь цус харвасан байж болзошгүй гэнэ.
Оросын Элчин сайдын үхлийн талаар Суданы цагдаагийн газар эхлээд “Тэрээр бассейндаа сэлж байгаад ухаан алдсан” гэж мэдээлжээ. Бассейн нь бөглөрсөн, дотор нь хордуулах зүйл байсан гэсэн нэг хувилбар байгааг шалгаж байгаа аж. Гэхдээ одоогоор Элчин сайдын үхэлд гадны нөлөө орсон гэх нотолгоо олдоогүй байна. Түүний даралт нь байнга ихэсдэг, эрүүл мэндийн хувьд сайнгүй байсан талаар хамтран ажиллагсад нь ярьжээ.
Элчин сайдын цогцосыг Орос руу хэзээ авч явж болохыг мөрдөн шалгалт, шинжилгээний дараа шийдвэрлэнэ гэж хойд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ.
Миргаяс Ширинский өмнө нь Руандад Элчин сайдаар сууж байгаад 2013 оноос Бүгд найрамдах Судан улсад Элчингээр ажиллах болсон туршлагатай дипломатч байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
нухчихсан юм биш байгаа