“Харви” гэх хар салхи АНУ-ын Техас мужийг дайран өнгөрч, ширүүн бороо, үер дагуулсан билээ. Байгалийн гамшгаар амиа алдсан хүний тоо 30 хүрээд байгаа талаар өчигдөр мужийн аврах албаныхан мэдээлсэн. Тэгвэл Хьюстон хотын ойролцоох химийн үйлдвэр дэлбэрэх аюулд хүрчээ. Үер усны улмаас “Аркема” химийн үйлдвэрийн бодисуудыг хадгалдаг хөргүүр ажиллахаа больсон байна. Үйлдвэрт хэзээ мөдгүй гал гарах аюултай байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа аж. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах аргагүй болжээ.
Хар салхинаас болж нефтийн компаниуд дамжуулах хоолойнуудаа хаажээ. Энэ нь АНУ-ын эрчим хүчний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тус улсад шатахууны үнэ нэмэгдсэн билээ.
АНУ-ын хамгийн олон хүн амтай хотуудын нэг Хьюстон хар салхинд хамгийн их өртөж, хохирол амсчээ. Америкийн улс төр, урлаг соёлын зүтгэлтнүүд хувиасаа байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлж байгаа аж. Ерөнхийлөгч Трампын том хүү Доналд өчигдөр цахим хуудсаараа дамжуулан Хьюстон хотын иргэдэд туслахыг уриалж, тэдний төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн юм. Техасыг сэргээн босгох ажилд одоогоор 125 тэрбум доллар шаардлагатай байгаа аж. Хар салхины хүч суларсан ч бороо зогсох төлөвгүй байгаа талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
“Харви” хар салхи одоо Луизиана мужийг чиглэжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Ану хохино