БНАСАУ-тай дипломат замаар ойлголцох боломжгүй юу

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Дорнын эдийн засгийн форумын хүрээнд уулзлаа. Тэд хэлэлцээрийнхээ төгсгөлд хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн хурлаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “БНАСАУ-тай дан ганц хориг, шахалтаар асуудлыг шийдэхэд бэрх байна. Нөхцөл байдлыг дипломат аргаар зохицуулахад хэцүү байгаа ч сэтгэл хөдлөлөө дарж, энхийн замаар ойлголцохыг хичээе” гэлээ. Гэхдээ Путин Ким Жон Уны өдөөн хатгалга, дайсагнасан алхмыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй нээлттэй бөгөөд үр дүнтэй ярилцсанаа хэлж байлаа. Мүн Жэ Ин ч хэвлэлийн бага хурлын төгсгөлд бүс нутагт үүсээд байгаа асуудлын талаар Путинтэй тун үр дүнтэй ярилцсанаа хэлээд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг БНСУ болон Орос улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэлээ.

Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөрөө НҮБ-ын тогтоолыг зөрчиж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч дахин сануулав. БНАСАУ өнгөрсөн долоо хоногт пуужин харваж, хэдхэн хоногийн өмнө устөрөгчийн бөмбөг туршсаны дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шуурхай хуралдаж, тус улсын эсрэг хоригоо чангатгасан юм. Хоригт АНУ тэргүүтэй барууны орнууд нэгдэхээ илэрхийлсэн.

Хойд Солонгос цөмийн туршилт хийж дэлхий нийтийн аюулгүй байдлыг ноцтой эрсдэлд оруулж байгааг БНСУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хийсэн хэвлэлийн бага хурлаараа онцоллоо. Тэрбээр БНАСАУ дайсагнасан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нөхцөл байдал хяналтаас гарч болзошгүй байгаа учир ОХУ-аас тусламж хүсч байгаа аж. Мүн Жэ Ин, Путин нар энэ асуудлаар  БНСУ, Оросын Засгийн газрын 10 гаруй албаны хүнийг оролцуулан өргөтгөсөн уулзалт хийсэн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ болон Япон улсад зэвсгийн хүчин чадлаа нэмэхийг нь зөвшөөрсөн билээ. АНУ эдгээр улсад нийлүүлдэг орчин үеийн зэвсэг техникийнхээ хэмжээг нэмэгдүүлжээ. Трамп уржигдар Мүн Жэ Интэй утсаар ярихдаа БНСУ-ыг пуужингийн нөөцөө нэмэхийг зөвлөсөн билээ. Трампын үзэж байгаагаар Хойд Солонгостой дипломат аргаар хэл амаа ололцох боломжгүй аж. Энэ аргаар ойлголцох гэж удаа дараа оролдоод амжилт олоогүйг Трамп хэлж байгаа бол Путин Ким Жон Унтай адилхан аргаар түүнийг өдөөн хатгах нь аюул дагуулж байгааг хэллээ.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
миал(202.9.41.97) 2017 оны 09 сарын 07

боломжгүй

0  |  0
зочин(203.91.115.38) 2017 оны 09 сарын 06

Яг зөв

0  |  0
зочин(27.123.214.115) 2017 оны 09 сарын 06

Боломжгүй .Боломжгүй .Учир нь; АНУ бусдын газар нутаг дээр дайн хийж түүнээсээ асар их ашиг олж баяждаг. Жишээ нь .Дэлхийн 2-р дайныг Германы фашистууд өдөөж оросууд хүн төрлөхтнийг хамгаалж , АНУ дундаас нь ашиг олж баяжсан . Өнөөдөр арабуудын дайныг АНУ өдөөж баяжиж гэмгүй араб иргэд амиа алдаж байна .

0  |  0
Top