Өнөөдөр есдүгээр сарын 11. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын хувьд хар өдөр байсан юм. “Аль Каида” бүлэглэлийн алан хядагчид дөрвөн онгоц барьцаалан хоёр нь Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг мөргөж, 2997 хүний амь үрэгдэж, 6000 гаруй хүн гэмтэж бэртсэн аймшигт өдрөөс хойш 16 жил өнгөрчээ. 110 давхар хоёр цамхаг 1 цаг 42 минутын дотор нурсан байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү хар өдөртэй холбоотойгоор энэ сарын 8-10-ныг Үндэсний залбирлын өдөр болгон зарласан юм. Тэрбээр ард иргэддээ хандан эдгээр өдрүүдэд есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагаар амиа алдсан гэм буруугүй хүмүүсийн араас залбирч, тэднийг дурсахыг уриалсан билээ. Мөн олон улсад хандан АНУ-тай сэтгэлээрээ хамт байж энэ өдрийг дурсахыг хүссэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар өнөөдөр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхээр Пентагоныг зорьсон байна. Түүнчлэн 2001 оны есдүгээр сарын 11-ний дөрвөн террорист халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн америкчууд нэг минут дуугүй зогсох ажиллагаа болжээ.
Энэхүү террорист халдлагуудын дараа АНУ “Аль Каида”-гийнхныг орогнуулж байсан “Талибан” бүлэглэлийг дарахаар Афганистанд терроризмтой тэмцэх дайн зарласан билээ.
19 террористын барьцаалсан хоёр онгоц Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг мөргөсөн бол гурав дахь онгоц нь Виржиниа мужийн Арлингтонд байрлах АНУ-ын Батлан хамгаалах яамны байрыг мөргөсөн юм. Баруун тал нь бүхэлдээ сүйдсэн Пентагоныг жилийн дотор сэргээн босгожээ. Барьцаалагдсан дөрөв дэх онгоц Вашингтоныг чиглэн явж байгаад Пеннсильваниа муж улсын ойролцоо сүйрсэн байдаг. Зорчигчид алан хядагчдыг дарж авахаар оролдож ийнхүү Вашингтонд хүрэлгүй сүйрчээ.
О.Чанцаа
Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.
Сэтгэгдэл ( 1 )
amen