Шидэт болор хохимойн нэг Монголд бий гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 30


 

 Шидэт 13  болор хохимойн тухай домог эртний Индианчуудаас өвлөгдөн иржээ. Тэдгээрийг “Үхлийн бурхны гавал” гэж нэрлэдэг бөгөөд 13 хохимой бие биеэ харж байдаг гэнэ. Энэ ертөнцийн өнцөг буланд тархан хэрэгтэй гэсэн газраа маш чанад хадгалагдаж байдаг тухай домогт өгүүлжээ. Эрдэмтэд ч сонирхон судалсан баримт сэлт бий. Хамгийн хачирхалтай нь 13 болор гавлын нэг нь Монголд хадгалагддаг гэсэн яриа юм. Гэвч энэ тухай түүнээс ямар ч баримт байдаггүй аж. Бусад нь Төвд, Америк, Мексик, Африк... зэрэг улсын үзмэрийн сан, хувь хүмүүст бий аж. Зүгээр ч нэг болор гавал төдий бус ид шидийг өөртөө агуулж байдаг тус гавлуудыг харь гаригаас илгээсэн, хүн төрөлхтний дунд өрнөсөн түүхэн үйл явдлыг санамжиндаа хадгалж байдаг гэсэн сонирхолтой яриа бий. 1924 онд эрдэмтэн Альберт Митчел Хиднесийн шинжилгээний анги төв Америкийн “Болор” шугуй гэх газар малталт хийж байжээ. Тэд малталт хийж байгаад хуучин тосгоны туурьтай төстэй аглагшсан суурин илрүүлж, ажлаа хөнгөвчлөхийн тулд өвс ургамлыг нь шатаасан байна. Утаа замхарч, үзэгдэх орчин ил болоход тэднийг хуучны хотын туурь угтжээ. Тэнд хотын хана хэрэм, театр, нурж  унасан пирамид байв гэнэ. “Шинэ” хотдоо эрдэмтэн маань “Лубаантун” гэх нэрийг хайрлав. Тэгээд хотынхоо газар дорх нууцад нэвтрэхээр шийдэн малтлагынхаа ажилд ханцуй шамлажээ. Гурав дахь жилдээ малтаж байх үедээ охин Аннагаа тус газарт дагуулж очжээ. Эндээс ид шидийг агуулагч болор гавалтай учрах ерөөл бүрдсэн байна.

            Аннаг урхидсан гавал


 1927 он. Анна охин 17 нас хүрч байлаа. Тэрээр малтлага хийгдэж байгаа хуучин хотын туурийг сонирхон алхжээ. Гэтэл түүний зам дээр  шил мэт тунгалаг зүйлээр хийсэн хүний гавал хэлбэртэй баримал хэвтэж байх нь тэр. Тэр үед баримал доод эрүүгүй байж. Гурван сарын хойно Анна өнөөх газраасаа гавлаас салж үлдсэн эрүүний хэсгийг олжээ. Олдвороо бүрэн эвлүүлсэн тэрээр орой унтахдаа толгойн тус газраа байрлуулан хонодог болж. Тэр үеэс охинд болор гавал ид шидээ үзүүлж эхэлжээ. Охины зүүдэнд олон мянган жилийн өмнөх индиан омгийнхны дайн тулаан үзэгдэх болов гэнэ. Аав ээждээ зүүдээ байнга ярьдаг байлаа. Гайхалтай нь Аннагаас өөр хүн гавлыг  толгойнхоо ойр байрлуулж унтахад хэний ч зүүдэнд, ямар ч хачирхалтай зүйл ордоггүй байж. Ананатай ямар нэг сэжмээр холбоотой байх гэдэг хардлага ч хавь ойрынхонд нь төрөх болов. Болор гавлыг Анна орны толгойноосоо өөр газар байрлуулж хоновол тэр шөнөдөө тайван унтаж чаддаг байв. Шөнө болгоных нь зүүд өөр өөр ч урьд шөнийнх нь зүүдний үргэлжлэл болж байжээ. Түүгээрээ олон ангит кинотой төстэй боловч түүхэн үйл явдал, бодит амьдрал дунд шөнөжин зугаалж яваад сэрдэг байна. Тэр үйл явдал эдүгээгээс мянган жилийн өмнөх мэт байжээ. Зарим нь эрдэмтдийн судалж тэмдэглэсэн түүхэн үйл явдал байв гэнэ. Эрдэмтэд ч охинд анхаарлаа хандуулж, зүүднийх нь ертөнцийн манах боллоо. Эрдэмтэд Аннаг унтаж байх үед болор гавлыг толгойд нь ойртуулахад охин зүүдэнд автаж, толгойноос нь холдуулахад амар тайван унтаж байжээ. Эрдэмтэд гавлыг нарийвчлан судлахын тулд тухайн үед судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээр гайхагдаж байсан “Хьюлетт-Паккарт”  пүүст ханджээ. Тус пүүсийнхний шинжилгээний дүн эрдэмтдийн нүдийг ар дээр нь гаргах шахсан байна. Учир нь тус гавал Америк тивд хүн үүсэхээс өмнө бүтээгдсэн гэдэг дүгнэлтэд хүрчээ. Мөн болор гавал олдсон газрын орчмоос тийм сайн чанарын болор хэзээ ч олдоогүй байна. Гавлын жин 5.13 кг байсан бөгөөд тийм гавал урлахад бүү хэл бөгжний шигтгээ хийхэд ч бэрх болор байсан нь эрдэмтдийг дахин тархиа гашилгахад хүргэжээ. Тус болрыг дэлхийн хамгийн хатуу болор хэмээн тодорхойлохоос өөр ахицтай алхамд хүрч чадаагүй байна. Чухам ямар багажаар хэрхэн урласан тухай болоод хэн гээч уран дархны бүтээл болохыг ч нээж чадсангүй.  Одоо тус гавал Америкийн Индианчуудын музейд хадгалагдаж байгаа гэнэ.  Уг гавлыг 1960 онд урлаг судлаач Ф.Дорланд нарийн судалгаа хийж 152,4х203, 2х152,4 см хэмжээтэй болохыг тогтоосон байна. Мөн гавлын арын хэсэгт призм, сувгийн систем байгааг илрүүлжээ. Энэхүү системийн ард лаа болон бусад гэрлийн эх үүсвэрийг тавихад гавлын нүдний суурь нүхэнд гэрэл гарах аж. Тэгэхээр баяр ёслолд зориулан бүтээсэн байх магадлалтайг тэрээр дэвшүүлжээ.

   Бусад гавал хаана байгаа бол?

 Болор гавлын олдвор нэгээр тогтсонгүй. Америкийн Колорадо мужийн Крестано хотоос 1994 онд олдсон болор гавал хамгийн сүүлийнхээр ньтэмдэглэгдээд байгаа аж. Болор гавалтай ойртсон хүмүүст арслан барс архирах, эртний хүмүүстэй уулзах зэрэг дүр зураг харагдсан тухай ярьсаар. Өвөг дээдэс нь зүүдэнд нь ирж, хүсэл зорилгыг нь биелүүлсэн тухай ч болор гавлын дэргэд хоносон хүмүүс ярьжээ. Төвдийн нэгэн ламаас олдсон болор гавал зөвхөн өвчин анагаахад ашиглагдаж байжээ. Өөр нэгэн сонирхолтой баримт бол 1943 онд Германы Аненербе нэртэй байгууллагын нөхөд Бразилын нэгэн музейгаас болор гавал олж ирэхээр зориод баривчлагджээ.  Германы тусгай албаныхан болор гавлын эрэлд зөвхөн Бразилруу ч зориогүй гэдэг. Хэд хэдэн оронруу явж байсан тухай баримт илэрчээ. Мөн болор гавлын тухай чухам ямар утгатай домог Индаанчууд ярьж байдаг нь ч сонирхол татсаар?

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Судлаач(103.14.36.18) 2020 оны 01 сарын 06

Монголд байсан болор хохимойг 1880-аад оны үед Монголын газар нутгийн баруун өмнөд хэсгээс Хятадын археологич Yeng Fo Huu олсон байдаг юм. Тэгээд 1992 онд Дани улсын номлогч Pastor Utkielen худалдаж авсан

0  |  0
Фак(73.221.181.240) 2017 оны 09 сарын 30

Шаана биз

0  |  0
Top