Францчуудад эрх чөлөө ирсэнгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

Франц улсад хоёр жилийн өмнө 130 гаруй хүний амь үрэгдсэн аймшигт халдлага болсны дараа онц байдал зарласан билээ. Урт хугацаанд хэрэгжсэн онц байдал нь энгийн иргэдийн эрх чөлөөнд халдаж байна гэж францчууд Ерөнхийлөгчийгөө шүүмжилсэн юм. Шинэхэн Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ оны сүүлч гэхэд онц байдлыг цуцалж, иргэд амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхээ амалсан.

Тэгвэл терроризмтой тэмцэх шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Уг хуулийг батлахыг парламентын доод танхимын гишүүдийн олонх нь дэмжсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ. 2015 оны арваннэгдүгээр сард зарласан онц байдлын хугацаа ирэх сарын 1-нд дууссанаар шинэ хууль хэрэгжиж эхлэх аж.

Хуулиар хэт даврах үзлийг дэмжсэн утгатай зүйл ярьсан иргэн, сүм хийдийнхэн, номлогчдод ч арга хэмжээ авах гэнэ. Мөн заавал шүүхийн шийдвэр хүлээлгүйгээр сэжиг бүхий иргэдийг шалгаж, гэрт нь нэгжлэг хийж, хөл хорионд оруулах зэргээр арга хэмжээ авна гэсэн заалт байгаа нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг хүссэн францчуудад таалагдахгүй байгаа аж. Гэхдээ тус улсад терроризмын аюул нүүрлэсэн хэвээр байгааг Дотоод хэргийн яамнаас нь анхааруулжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САНСАР(202.9.41.50) 2017 оны 10 сарын 04

Макроны нэр хүнд унасан.

0  |  0
Top