Домогт хувьсгалч Че Геварагийн гарыг тасалж Кастрод үзүүлж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Одоогоос 50 жилийн өмнө Боливын нэрт хувьсгалч Эрнесто Че Гевара алагдсан билээ. Командлагчийн нас барсан өдрөөр “RTД” телевизээр түүний тухай баримтат киноны нээлтийн үзвэрийг гаргажээ. “Боливын өдрийн тэмдэглэл. Че Геварагийн сүүлчийн дайн” киног бүтээгчид хувьсгалчийн бичдэг тэмдэглэлүүдийнхээ талаар дурсч байсан хүмүүстэй ярилцсан байна. Мөн түүний үхлийн гэрч нартай уулзжээ.

Домогт хувьсгалч, баатар, бас яргачин гэгддэг байсан Эрнесто Че Гевара Боливын Ла-Игера хотод 1967 оны аравдугаар сарын 9-нд нас барсан билээ. Тэрбээр 39 настай байсан юм.

Эрнесто Че Гевара амьдралд нь тохиолдсон олон үйл явдлыг өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Хамгийн алдартай нь “Мотоциклчийн өдрийн тэмдэглэл” юм. Тэрээр үүндээ Латин Америкаар аялсан талаараа өгүүлсэн бол “Боливын тэмдэглэл”-дээ тус улсад 1966-1967 онд хийсэн хувьсгалынхаа тухай бичсэн байна. Найруулагч Никита Сутыриний хийсэн баримтат киноны гол үндэс нь “Боливын тэмдэглэл” болон Че Геварагийн сүүлчийн бичиглэлүүд аж. “Өнөөдөр шинэ үе эхэлж байна. Энд нэг л машин ирлээ. Тариачдад биднийг энд кокаины үйлдвэрлэл бий болгосон гэсэн сэжиг авахуулахгүй байхын тулд шүү дээ” гэж “Боливын тэмдэглэл” эхэлж байгаа юм. Үүнийг бичиж байхдаа командлагч 365 өдрийн дараа үхнэ гэдгээ мэдээгүй биз ээ.

Түүний тэмдэглэл үндэсний сонгодог зохиол болсон


Төгсгөлийн тэмдэглэлд “Армиас Серранод 250 цэрэг 37 партизаны замыг хааж байгаа гэсэн хачин мэдээ ирлээ. Бид Асеро болон Оро голын дунд байна гэж мэдээнд өгүүлжээ” гээд тэмдэглэл тасарсан байна. Энэ нь Че Гевара нас барахад нэг хоногоос ч бага хугацаа үлдээд байхад бичсэн зурвас юм.

Хувьсгалчийн тэмдэглэлүүдийг судлаад зураг авалтын багийнхан Боливт очиж, түүний үхлийн талаар мэдэх хүмүүс, одоогийн командлагч нартай уулзжээ. “Боливын тэмдэглэл” нь 1968 онд 250 мянган хувь хэвлэгдэж, үндэсний сонгодог зохиол болсон байна.

Кастротой найзалсан нь


Че Геварагаас гадна зүгээр л Че (Ф.Кастротой найзалснаар тэрбээр ийм хочтой болжээ. Энэ нь найз, нөхөр гэсэн утгатай үг аж)” нэрээр алдаршсан зүүнийг баримтлагч хувьсгалч, Кубын коммунист дэглэмийн удирдагч байсан энэ хүн эмч мэргэжилтэй. Түүнийг капитализм, коммунизмын аль алинаас нь зөв талуудыг нь авч хэрэглэсэн гэж үздэг. Че 1954 онд Мексик явж Кубын цөлөгдсөн хувьсгалч Фидель Кастротой нэгдэн Өмнөд Америкийн нийгмийн шударга бус байдлыг цэргийн эргэлтээр зохицуулна гэж зориг шулууджээ. Ф.Кастро 1959 онд төрийн эрх мэдлийг аваад Гевараг Үйлдвэр худалдааны сайд болгосон гэдэг. Че, Кастро нар нийлэн АНУ-ыг бухимдуулж, эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүргэж байв.

Тэрээр буудуулахынхаа өмнө инээмсэглэж байжээ


Че Конго улсад очиж хувьсгал хийх гэсэн ч цэргүүдийнх нь эсэргүүцэлтэй тулгарч, Кастротой нийлэн Боливт хувьсгал хийхээр зорьжээ. Гэвч Боливын коммунист нам эсэргүүцсэнээр Че хэцүү бэрх партизаны дайн хийсэн гэдэг. Тийнхүү тэрээр 1967 оны аравдугаар сард Боливын Засгийн газрын цэргүүдэд алагджээ. Түүний отряд Боливын цэрэгт ялагдаж, Гевара Тагнуулын төв газар болон Боливын командлагчдад өөрийгөө тушаасан байна. Түүнийг буудаж хөнөөхийн өмнө инээмсэглэж байсан гэдэг.

Гевараг буудсаны дараа толгойг нь таслах гэсэн байна. Учир нь хувьсгалчийг нас бараагүй гэж Фидель Кастро батлах гэж оролджээ. Энэ талаар Тагнуулын төв газрын ажилтан асан Феликс Родригес “Baltkom” радиод ярьсан байдаг. Боливын цэргийн командлагчид “Кастро энэ Че Гевараг үхсэн гэдгийг үгүйсгэж байгаа бол бидэнд хөдөлшгүй нотлох баримт хэрэгтэй. Түүний толгойг нь тасал” гэж тушаажээ. Чегийн толгойг нь тасаллаа ч Кастро түүнийг амьд гэж зүтгэж чадах байсан аж. Иймээс Че нэг хуруугаа тайруулсныг Кастро мэддэг, Аргентины цагдаагийн газарт уг мэдээлэл бүртгэлтэй байсан учир түүний гарыг таслахаар болжээ. Хувьсгалчийн гарыг таслаад Гавана дахь Хувьсгалын талбайд өлгөхөөр авч явсан байна. Фидель Кастро түүний гарыг өөрийн нүдээр харжээ.

Өнөө үеийн баатар    

Че Гевараг өдгөө зууны хамгийн нөлөө бүхий 100 зүтгэлтний нэг гэж хүлээн зөвшөөрсөн. Түүний тухай ном бичиж, кино бүтээж байна. Тухайлбал, Стивен Содербергийн “Че” кино Каннийн кино наадамд олон номинацид дэвшиж, Геварагийн дүрийг бүтээсэн жүжигчин шилдэг нь болж байлаа. Чег дэлхий дахинд баатар, яргачин, хувьсгалч гээд янз бүрээр ярьдаг ч түүний нэр өнөө үед ч дурсагдсаар, энэ хүн судлаачдын анхаарлыг татсаар буй.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мгл(122.201.22.57) 2017 оны 10 сарын 11

Америкийн тагнуул болон Оросын КБГ хоёр хамтарч нухсан.. Че Геварагийн партизаны отрядад КБГ гийн тагнуулууд маш их бсан Че Гевара коммунизмыг ч бас хатуу шүүмжилж бсан Че Гевара Зөвлөлт холбоот улсыг шударга бус худалдаа хийж бна гэж Монгол улсыг өмөөрсөн мэдэгдэл хийж бсан юм

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 10

teneg bolivchuud amerikiin tagnuuliin daalgavaraar tyyniig alsan

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 10

teneg bolivchuud amerikiin tagnuuliin daalgavaraar tyyniig alsan

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 10

teneg bolivchuud amerikiin tagnuuliin daalgavaraar tyyniig alsan

0  |  0
Онон(202.9.41.229) 2017 оны 10 сарын 10

аймаар түүх

0  |  0
яггүй боловсролтой ч(122.201.31.146) 2017 оны 10 сарын 10

хүн төрөлхтөнийг зовлонгүй амьдруулах гэж хүний сайхан үрс зүтгэнэ. тэр бүгдийг үл ойлгогчид нухчин дарна. энэ түүх аймаар санагдаг. манай ахмад эх орончид амиа өгч эх орноо аварч бидэнд үлдээсэн Сүхбаатар нар адилхан. тэднийгээ ойлгодогүй ард иргэдтэй юм чинь юу бодохов дээ. манай ард түмэн ном уншдаг болийн дээ.хов жив ээр амьдралаа өнгөрөөж байгаа харагдахийм.айнаболовсролтой ч улс нь хэрэглэгүй хүмүүс бас бий

0  |  0
Top