Оросын Либераль-ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский Сочи хотод болж өнгөрсөн Дэлхийн оюутан, залуусын фестивальд оролцохдоо хөтлөгч К.Собчак ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгааг шоолжээ.
Тэрбээр мөн “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн улс төрийн тогоонд олон жил чанагдсан байх хэрэгтэй. Улс орноороо явж үзээгүй, юу ч мэдэхгүй, хэнийг ч захирч байгаагүй хүн ямар ч мэдлэггүй гэсэн үг. Энэ бол аюултай зүйл. Нэгт, хэн ч түүнийг сонгохгүй. Ксения Собчак бол хуурамч, хуйвалдаанаар гаргаж ирсэн нэр дэвшигч” гэсэн байна.
ОХУ-д 2015 онд явуулсан санал асуулгаар Ксения Собчак маш алдартай хүн гэж гарчээ. Оросуудын 95 хувь нь түүнийг таньдаг аж. Гэхдээ 60 хувь нь К.Собчакт таагүй ханддагаа хэлж байжээ. Судалгаанд оролцогчдын 21 хувь нь л түүнд эерэг хандлагатай нь ажиглагдсан байна.
Олонд ихээр танигдсан ч хүмүүсээс эерэг хандлага авч чадаагүй Ксения Собчак нь өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдсэн билээ. Телевизийн хөтлөгч байхаасаа л дуулианы эзэн болсоор ирсэн сөрөг хүчнийг дэмжигч энэ эмэгтэйн аав нь Санкт-Петербургийн захирагч байсан аж. Харин өөрөө сүүлийн хэдэн жил сөрөг хүчнийхэнтэй их нийлснийг нь эс тооцвол улс төрд мэдлэг туршлагагүй нэгэн.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
АЛИАЛАГЧ МОРЬ 2 ТААРЧ ДЭЭ