Испанийн эрх баригчид Каталоныг тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал хураалтыг хууль бусаар зохион байгуулсан гэж үзэж байна. Тийнхүү Каталоны удирдагч Карлес Пуждемонтыг албан тушаалаас нь огцруулахаар хэлэлцэж байгаа аж. Түүнийг хууль бусаар санал хураалт явуулсан гэж үзсэн талаар “RT” агентлаг мэдээллээ.
Испанийн эрх баригчдын заасан хугацаанд Каталон санал хураалтын дүнгээ хүчингүй гэж зарлахгүй бол өөртөө засах эрхийг нь хүчингүй болгож, Мадридаас шууд удирдахаа ч анхааруулжээ.
Харин Каталоны Тусгаар тогтнолын хөдөлгөөн “Бид тусгаар улс болтлоо тэмцсээр байх болно. Ухрах байсан бол бид үүнийг эхлүүлэхгүй байх байсан” гэж мэдэгдэв. Каталоныг Испанийн харьяанаас гаргаж, бие даасан тусгаар улс болгох асуудлаарх бүх нийтийн санал асуулгад оролцсон 2.2 сая хүний 90 хувь нь өөртөө засах орноо тусгаар улс болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Каталонд энэ асуудал хэдэн жилийн өмнөөс сөхөгдөж, иргэд нь Испаниас тусгаар болохын төлөө жагсаал цуглаан ч зохион байгуулдаг билээ.
7.5 сая хүнтэй энэ улс нь Пиренейн хойгийн зүүн хойд захад 32 мянган км.кв газар нутгийг эзлэн оршдог. Хүн ард нь испани, каталан, окситан хэлээр ярьдаг билээ. Энэ улсын албан газар, дэлгүүр хоршоо, гудамж, замын тэмдэглэгээнүүд испани хэлнээс гадна каталан хэлээр нь бичигдсэн байдаг нь тэдний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг илтгэдэг. Гэвч Испаниас хараат бус болох тэмцлийг нь Мадрид тас хориглож эхлээд байна. Мариано Рахойн тэргүүлдэг Испанийн Засгийн газар каталончуудыг өөртөө засах эрхийг нь хүчингүй болгоно гэж сүрдүүлж байгаа юм.
Каталоны тэргүүн Карлес Пуждемонт
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Shahalt uzuulne l dee ugaasaa Spain