ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песковын хийсэн мэдэгдлийг “РИА Новости” агентлаг дамжуулсан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Путин телевизийн хөтлөгч Ксения Собчакийг 2018 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхэд нь ямар ч нөлөө үзүүлээгүй. Ксения Собчак Путинтэй ярьж уг шийдвэрээ гаргасан гэсэн худал мэдээлэл явж байна” гэжээ. Песков түүнчлэн Путиний өрсөлдөгчөөр хэн нэгнийг нэрлэхэд эрт байгааг хэлсэн байна. Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ албан ёсоор зарлаагүй байгааг хэвлэлийн төлөөлөгч нь мөн хэлжээ. “Ерөнхийлөгч одоогоор ажилдаа хамаг анхаарлаа хандуулж байгаа” гэж Дмитрий Песков хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө хүч үзэхээ энэ сарын 18-нд зарласан сэтгүүлч, сөрөг хүчнийг дэмжигч Ксения Собчак “Би энэ талаараа Ерөнхийлөгч Путинд хэлсэн. Тэрбээр миний санааг дэмжсэн” гэжээ. Харин Путиний хэвлэлийн төлөөлөгч “Надад энэ талаар хэлэх юм алга. Тийм зүйл болоогүй” гэсэн байна.
Оросуудын дунд алдартай телевизийн хөтлөгч Ксения Собчакийг Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэнийг шоолох хүн цөөнгүй байгаа билээ. Түүнийг олон хүн танидаг л болохоос улс төрийн ямар ч мэдлэг туршлагагүй гэж ажиглагчид үзэж буй. Ямартаа ч Санкт-Петербургийн захирагч асны охин Ксения Собчак ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, мөрийн хөтөлбөр дээрээ ажиллаж эхэлжээ. Сөрөг хүчнийхэнтэй нийлдэг Ксенияд оролцохгүй юм гэж байдаггүй. Жагсаал цуглаан, нам, улс төрийн бүлгийн аливаа үйл ажиллагаанд хамгийн түрүүнд явж байдаг энэ эмэгтэйг оросуудын 95 хувь нь танидаг аж. Харин түүнийг дэмждэг хүний тоо харьцангуй цөөн гарчээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Собчак худалч бх нь бас.