Испанийн харьяанаас гарч, өөрсдөө тусгаар тогтнолоо зарлаад байгаа каталончуудын байдал хурцадмал байна. Каталоныг Испанийн харьяанд хэвээр үлдээхийг хүсч байгаа 300 мянган иргэн Барселона хотод жагсаал хийжээ.
Харин Испанийн Засгийн газар Каталонд бүх нийтийн санал хураалт явуулан тусгаар улс гэж зарлан тунхагласан удирдагч Карлес Пуждемонтыг огцруулж, мужийн парламентыг тараан өөртөө засах эрхийг нь цуцлаад байна. Энэхүү маргаантай асуудал нь Испанийн чинээлэг муж улс Каталоны эдийн засгийг сулруулжээ.
Бүх нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн 42.5 хувь нь Каталоныг Испаниас тусгаар болгохыг дэмжсэн бол 43.4 хувь нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэд дээрх жагсаалаараа Каталон нь Испанийн нэг хэсэг гэдгийг харуулахыг хүсч байгаа аж. Салан тусгаарлахын эсрэг жагсч байгаа иргэд Испанийн төрийн дууллыг дуулж, төрийн далбааг нь барьцгаасан байжээ. Каталончууд удирдагчийнхаа санаачилсан бүх нийтийн санал асуулгыг буруутгаж байгаа аж.
Испанийн Засгийн газар Каталоны өөртөө засах эрхийг нь цуцалснаа “Үүсээд байгаа нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд авсан арга хэмжээ” гэж тайлбарласан байна. Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Каталоны тэргүүн Карлес Пуждемонтыг хууль зөрчсөн үйлдэл хийж, ард иргэдээ үймээн самуунд өдөөн турхирсан гэж хатуу шүүмжилсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )