Монгол улс “Гэрэгэ” бондоор таван жил амь тээнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

 

Бадар барьж, “хойд хормойгоо авч урд хормойгоо нөхдөг”-ийн үлгэрт бараг дадсан гэлтэй. Ер нь өр тавьж өрөө дарахаас өөр арга үлдээгүй тухай эдийн засгийн шинжээч нэгэн зурагтаар ярьж суусан. Тэр  нь ч болдогоороо боллоо. Бид таван жил гаруйн хугацаанд өрийн асуудалд толгой гашилгахгүй нь... Өмнөх Засгийн газрын үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа Монгол улс дефолт зарлахад ойрхон байгаа тухай мэдээлэл түгээж байв. Магадгүй Засаг нь унах гээд сандарсан хэрэг байх. Тэрбээр, “Ирэх оны нэгдүгээр сард манай улс “Чингис” бондын эхний төлбөр 500 сая ам.доллар, “Дим сан” бондын  160 сая ам.долларын төлбөрийг хийх ёстой. Хэдийгээр эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байгаа ч одоогоор бидэнд тус төлбөрийг хийх эх үүсвэр эдийн засагт хуримтлагдаагүй байгаа...” гэж мэдэгдсэн. Түүний “зөгнөл” ямартаа ч ойрын таван жилд биелэхгүй нь.

 Харин шинэ Засгийн газрын ажил эхэлсэнээс хойш богино хугацаанд дээрх байдлаас гарах алхмыг хийсэн нь сайн тал гэлтэй. Олон улсын зах зээл дээрээс 800 сая ам.долларын санхүүжилт босгосон тус мэдээг УИХ-ын гишүүд алга ташин хүлээж авчээ. Арга ч үгүй биз, өөрсдийг нь УИХ-д сууж байх үед Улс маань өрөө даалгүй дампуурчихвал ямар сайн байх билээ.  “Гэрэгэ” нэртэй уг бондын мөнгө ирэх сард орж, “Чингис”, “Дим Сан” бондуудын өрнөөс гарах боломж бүрдэнэ. Гэхдээ уг бондын эргэн төлөлт таван жил гаруйн дараа нэхэгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. 2021 онд хүртэл Монгол улс дампуурахгүй юм.“Сүх далайтал үхэр амар” гэдэгчлэн тэр болтол юу ч болоо билээ... Нэгэнт ойрын хугацаанд төлөгдөх өрөө цайруулах боломжтой болсон учир “найдваргүй зээлдэгч” гэдэг болгоомжлолоос гадныхан татгалзаж, манайд итгэж эхлэнэ гэж Монголбанкныхан дүгнэж байгаа аж. Гэхдээ гадныхан чихээ бөглөөд нүдээ таглачихаагүй л бол өр тавьж, өрөө дарж байгааг ч харж байгаа биз ээ. Өрийг өрөөр тэглэсэнтэй зэрэгцээд багш, эмч, урлагийнхан цалингаа нэмүүлэхээр зүтгэж буй. Бараг л өр дараад ардаа үлдэх юмгүй “Гэрэгэ” бондоос л лав тэдний цалинг нэмж барахгүй биз.

Төгрөгийн ханш нэг ам.доллартай харьцуулахад, 2456 ширхэг буюу 24 боодол нэгтийн дэвсгэрт дээр 56 ширхэг нэгтийн дэвсгэрт тоолж өгч байж зэрэгцэж очино. Эвий муу монгол төгрөгний минь ханш ямаршуу чөлөөт уналттайгаар доошилдог билээ дээ... 2013 онд буюу Чингис бондын үед нэг ам доллар 1300-1400 төгрөгтэй тэнцэж байв. Таван жилийн дараа харин яадаг л бол!.. Тэглээ гээд улсаа дампуурахыг харж суултай биш. Ямар ч гэсэн гал намжаалаа. Монголбанкны алт худалдан авалтын хүчинд гадаад валютын нөөц нэмэгдэх төлөвтэй аж.  Харин таван жилийн дотор 75 хувиар ханш нь уначихдаг монгол төгрөг л тиймхэн. Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд харагдаж байгаа нь үнэн боловч хэдий болтол тийм үзүүлэлттэй байх бол гэдэг давхар санаа зоволтыг үүсгэсээр... Таван жил гэдэг урт хугацаа биш... Сонгуулийн маргаашнаас л өр төлөхөөр эрвийж, дэрвийцгээх нь.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.72.240.150) 2017 оны 10 сарын 31

аль болох өр тавимааргүй л баймаар байх юм даа

0  |  0
Top