“Орос орон өнөөдөр” агентлаг болон “RT” телевизийн Ерөнхий редактор Маргарита Симоньян дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад Хиллари Клинтоныг гүйцжээ. Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргадаг энэхүү жагсаалтад хойд хөршөөс мөн Оросын Төв банкны дарга Эльвира Набиуллина орсон байна. Дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар тэргүүлжээ. Тэдний араас “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн эхнэр Мелинда Гейтс оржээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Тэргүүн хатагтай асан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари Клинтон жагсаалтын 65-д байгаа аж. Тэгвэл жагсаалтад анх удаа орж байгаа Маргарита Симоньян 52 дугаар байрт орсон байна.
“Forbes” сэтгүүл “Жилийн өмнө л дийлэнх хүн Маргарита Симоньян гэж хэн болохыг мэддэггүй байсан. Харин одоо түүний талаар технологи, улс төр, хэвлэл мэдээллийн салбарт ярьцгааж байна” гэжээ. Түүнчлэн “RT” телевизийн нэр хүнд өсөн нэмэгдэж байгааг тус сэтгүүл онцолсон байв.
Маргарита Симоньян 2005 онд 25 настайдаа англи хэл дээр гардаг “Russia Today” сувгийн Ерөнхий редактор болж байжээ. Энэ нь “RT” телевизийн анхны нэр юм. Энэ суваг нь АНУ-ыг ил тодоор шүүмжилж, сайт нь олон хэл дээр түгж, хурц материалууд нийтэлдгээрээ алдартай. “RT” нь АНУ-ын зүгээс дарамт шахалттай тулгардаг ч тэр бүгдийг юман чинээ тоохгүй гэдгээ телевизийн Ерөнхий редактор, дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Маргарита Симоньян ярьж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Мундаг.