Мухаммад бин Салман бусад ханхүү нарыг замаасаа зайлуулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

Саудын Араб-д энэ сарын 5-нд 11 ханхүүг баривчилсан билээ. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр, хааны гэр бүлийн хэд хэдэн гишүүнээс гадна 10 экс сайд, дөрвөн төрийн түшмэлийг авлигатай тэмцэх ажлын хүрээнд баривчилсан байна. Тэгвэл баривчлагдсан ханхүү нарын дотор дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг байгаа аж. Тэр хүн бол Саудын Арабын том бизнесмен, “Citigroup”-ийн хамтран эзэмшигч аль-Валид бин Талал гэнэ.

Саудын Арабын хаан ширээг залгамжлагч ханхүү Мухаммад бин Салман засгаа ийнхүү бэхжүүлж байгаа аж. Тэрбээр шударга бус бүхэнтэй хатуу тэмцэнэ гэсэн байна. Мухаммад бин Салман нь 32 настай, улсынхаа түүхэнд хамгийн залуу удирдагч юм. Саудын Араб-д өмнө нь нэг ч удирдагч 60-аас доош насандаа хаан ширээнд сууж байгаагүй аж. Тэрбээр энэ зун 57 настай Мухаммад бин Наифаас титмээ авсан билээ. Гэхдээ Мухаммад бин Салман нь эзэн хаан Абдул-Азиз аль Саудын хүүхэд биш, удмынх нь ханхүү нарын нэг. Тэрбээр хаан ширээнд суух нь баттай болвол эзэн хааны хүү биш хүн тус улсын хаан ширээнд суусан анхны тохиолдол болох юм.

Аль-Валид бин Талал гэж хэн бэ

Ханхүү аль-Валид бин Талал 2017 оны тавдугаар сард Жедда хотод

Авлигын хэргээр баривчлагдаад байгаа хүмүүс дотроос олны анхаарлыг ихээр татаж байгаа Валид бин Талал гэгчийн талаар мэдээлэл хүргэе. “Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаагаар ханхүүгийн өв хөрөнгө нь 19 тэрбум ам.доллар. Тэрбээр дэлхийн баячуудын жагсаалтад 45 дугаар байрт явж байна. Аль-Валид бин Талал 62 настай юм. Тэрбээр Саудын Арабын анхны хааны ач хүү. Бин Талал хөрөнгө оруулалтын “Kingdom Holding Company”-ийг үүсгэн байгуулж, удирдан ажиллаж байна. Ханхүү мөн санхүүгийн “Citigroup” корпорацын томоохон хөрөнгө оруулагч юм. Дэлхийд хоёрт ордог медиа компани “21st Century Fox” мөн түүнд хамаарагддаг.

Бин Талал нь Нью-Йорк дахь Доналд Трампын “Plaza Hotel”-ийн хувьцаанаас эзэмшдэг аж. Гэвч 2015 онд тэрбээр Трампын улс төрийн карьерт шүүмжлэлтэй хандаж байв. Ханхүү “Твиттер”-ээрээ дамжуулан Трампыг Бүгд найрамдах намын төдийгүй бүх Америкийн шившиг гэж байсан юм. Тэрбээр Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд хэзээ ч ялж чадахгүй гэж үзэж, нэрээ татахыг зөвлөж байсан билээ. Харин Доналд Трамп хариуд нь ханхүүг АНУ-ын улстөрчдийг аавынхаа мөнгөний тусламжтайгаар хянаж байгаа гэж буруутгасан. Тэгвэл энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабын хаан ширээ залгамжлагч Мухаммад бин Салманы авлигатай тэмцэх ажлыг нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Трамп Саудын Арабын ван Салман болон хаан ширээ залгамжлагчид маш их итгэдгээ хэлсэн байна. “Улс орноо олон жилийн турш “саасан” хүмүүсийг баривчилсан тэд цаашдаа ч олон шинэчлэл хийх болно” гэж Трамп хэлжээ. Тэдний шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахаар болсныг нь АНУ-ын Ерөнхийлөгч мөн сайшаасан байна.

Ханхүү нарыг баривчилсны хор уршиг

Саудын Арабын засгийг Мухаммад бин Салман атгах болсноос хойш хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэн гэж шинжээчид үзэж байна. Мухаммад бин Салман ОПЕК-ийн квотыг бууруулна гэж мэдэгдсэнд олон хүн түгшжээ. Үүн дээр нэмэгдээд 11 ханхүүг баривчилсны дараа нефтийн үнэ өссөн байна. Нефтийн томоохон үйлдвэрлэгч, экспортлогч орон эдийн засагтаа өөрчлөлт хийж байгаа нь тогтворгүй байдлыг дагуулж байна гэж ажиглагчид үзэж буй. Энэ нь нефтийн үнэд нөлөөлжээ. Мухаммад бин Салман нь нефть экспортлогч орнуудын квотыг бууруулах бодлого баримталдаг гэдгээрээ алдартай.

Саудын ханхүү Мухаммад бин Салман Авлигатай тэмцэх газрыг шинээр байгуулан ханхүү нар болон бизнесменүүдийг хамарсан өргөн хүрээтэй баривчилгааг эхлүүлээд байна. Үүнийг олон улсын шинжээчид Мухаммад бин Салман засгийн эрхийг дан ганц өөрийнхөө гарт бүрэн төвлөрүүлэхээр хийж буй үйлдэл гэлээ. “Авлигатай тэмцэх ажлын хүрээнд бусад ханхүү нараа төрөөс зайлуулсан Мухаммад бин Салман зарим түшмэлийг ямар шалтгаанаар баривчилсан нь тодорхой бус байна” гэж “RT” агентлаг мэдээлсэн байв. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр, баривчлагдсан зарим албан тушаалтан 2009 онд Жедда хотод болсон үерийн улмаас 70 гаруй хүн амиа алдсан хэрэгт буруутгагдсан бол зарим нь Саудын Арабт 2012 онд дэгдэж, БНСУ, Австри, АНУ зэрэг дэлхийн 20 оронд тархсан коронавирусийн эсрэг тэмцэхдээ асуудалд орсон байна.

Саатуулагдсан хүмүүсийн дунд дэлхийн нөлөө бүхий бизнесмен аль-Валид бин Талалаас гадна Саудын Арабын Сангийн сайд асан, “Saudi Aramco” нефтийн компанийн ТУЗ-ийн гишүүн Ибрагим аль-Ассаф байгаа аж.

Тэгвэл тус улсад авлигатай тэмцэх кампанит ажил эхэлсэн өдөр Асир мужийн дэд захирагч, хунтайж Мансур бин Мукрин амиа алдсан нь олны анхаарлыг татаж байна. Түүний нисдэг тэрэг юунаас болж осолдсон шалтгааныг тодруулж байгаа гэнэ.

Тэднийг таван одтой зочид буудалд хорьж байна


Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын “Ritz Carlton” зочид буудалд баривчлагдсан ханхүү нар болон төрийн дээд албан тушаалтнууд байгаа бололтой. Дээд ангиллын хоригдлуудыг энэхүү таван одтой зочид буудалд байршуулж байгаа талаар тус буудлаас шилжүүлэгдсэн зочид ярьжээ. Нийт 30 гаруй хүнийг таван одтой буудалд хориод байгаа аж.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.214.123) 2017 оны 11 сарын 09

Bat tulgaa shinchleliig ingej hiidgiin bna shdee

0  |  0
Зочин(202.9.41.141) 2017 оны 11 сарын 08

Энд хоригдох юмсан тэ ххах.

0  |  0
Top