Байр суурь: Зээлийн хүүг бууруулах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

  Зээлийн дээд хүүг тогтоох талаар УИХ-ын нэр бүхий гишүүд ярьж эхлээд байсан. УИХ-ын гишүүн С. Эрдэнэ “Зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох” тухай хуулийн төсөл санаачилжээ. Бизнесийн зээл жилийн 30 гаруй хувьд хүрч, Монгол Улсад бизнес эрхлэх орчин нөхцөл муу байгаа талаар үйлдвэр эрхлэгч, бизнесийнхэн онцолдог.

Харин арилжааны банкнуудын хэрэглээний зээл ойролцоогоор 18 – 20 хувьтай байгаа юм. Гадаадын банк санхүүгийн байгууллагатай харьцуулахад хэд дахин өндөр байгаа нь зээл авдаг энгийн иргэн болон бизнес эрхлэгчдийг хүүлэх бодлого явж байна гэж ярьсаар ирсэн юм. Хуулийн төсөл боловсруулсантай холбоотойгоор дараах хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

С.Эрдэнэ: Мөнгө хүүлэлтийг зогсоох цаг болсон

 (УИХ-ын гишүүн)

    Монгол банкнаас гаргасан албан мэдээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд нь арилжааны банкнуудаас жилдээ 12-13 их наяд төгрөгийн зээлийг авч ашигладаг, арилжааны банкнуудын олгож буй бизнесийн зээл жилийн 30-36% хүртэл хүүтэй байгаа бол хамгийн өндөр нь 48% хүүтэй байна.

Манай орны хувьд арилжааны банкууд болон санхүүгийн бусад байгууллагууд зээл, хадгаламжийн хүүний хувь хэмжээг зах зээлийн зарчмаар буюу эрэлт нийлүүлэлтэд нийцүүлэн өөрсдөө тогтоож ирлээ. Эдгээр зээлийн бүтээгдэхүүнүүд нь хэт өндөр хүүтэй, богино хугацаатай байгаагаас зээлдэгчдийн эрх ашиг шударга бусаар хөндөгдөж, олсон ашиг, барьцаа хөрөнгө эрсдэлд орох, цаашилбал аж ахуйн нэгжүүд биеэ дааж хөгжих боломж хязгаарлагдмал байдалтай байна.

Д.Ангар: Хууль нь санхүүгийн байгууллагуудын статусыг илүү тодорхой болгож өгч байна

(Эдийн засагч, “Новел фанд” компанийн захирал)

"Хүүлэлтийн эсрэг хууль"-ийг зээлийн хүүг хүчээр буулгах гэхээсээ илүү санхүүгийн байгууллагуудын статусыг илүү тодорхой болгож өгч байна гэж харах хэрэгтэй. 12 хувь хүртэл хүүтэй зээл олгодог бол БАНК, 35% хүртэл зээл олгодог бол БАНК-БУС, 48 хувь хүртэл зээл олгодог бол ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО, түүнээс дээш зээл олгож байгаа бол ЛОМБАРД гэх зэргээр ангилалыг тодорхой болгож байгаа юм.

Ер нь 48% хүүтэй зээл олгодог банк гэж байж болохгүй, тийм хүүтэй зээл өгмөөр байвал банкны тусгай зөвшөөрлөө төрд буцааж өгөөд ломбард болох нь нээлттэй шүү дээ! Хуулийн гол утга санаа нь энэ гэж харж байна. Манай банкнуудын "Бизнес дэмжих зээл" нь жилийн 30-35% хүүтэй байдаг. Өндөр хүүгээр хүүлж болно, ядаж тэрэндээ тохирсон нэр өгөх хэрэгтэй шүү дээ. "Бизнесийг нухчин дарах зээл" гэдэг ч юм уу. Жилийн 35% хүүтэй зээлээр дэмжигддэг бизнес гэж дэлхийд байхгүй. Жак Ма, Алибаба ч сөхрөөд унах биз. 

Ч.Ганхуяг: Төрөөс зохицуулахын эсрэг хатуу зогсоно

 ("Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал)

  Зарим нөхдүүд зээлийн хүүг төрөөс зохицуулна гэж элийрч эхэллээ. Үнийг чөлөөт зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, чөлөөт өрсөлдөөн зохицуулдаг гэдгийг бид 1990 онд 70 жилийн эмгэнэлтэй, хомстолтой, тахир дутуу эдийн засагтай гашуун амьдралаас ойлгосон байх учиртай. Үүний эсрэг хатуу зогсоно.

ZINDAA.MN

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.219) 2017 оны 11 сарын 13

Монгол банкаар дамжуулан төр мөнгөний бодлогоо барьж байгаа цагт хүүний асуудалд төрийн оролцоо зайлшгүй байх хэрэгтэй Банкууд хүүлэгч нар болсон

0  |  0
Дорж(150.129.140.169) 2017 оны 11 сарын 12

Гаднын банк оруулах хэрэгтэй

0  |  0
Бат(202.9.42.136) 2017 оны 11 сарын 12

ХААН банк хувийн хэвшил би хувь хүн бид хоер тохиролцоод хэдэн төгрөгөө хэдэн хувийн хүүтэй хадгалуулхыг их хурал заах уу арай дэндэх байхаа

0  |  0
Top