Солонгосын хойгт нөхцөл байдал маш аюултай байгаа талаар Оросын Гадаад хэргийн яамны орлогч дарга Игорь Моргулов Сөүлд тавьсан илтгэлдээ өгүүлжээ. Тэрбээр Зүүн хойд Азид нөхцөл байдал тун аюултай болсныг анхааруулсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв. Оросын Гадаад хэргийн яамны удирдлага хоёр Солонгосын удирдагчид зөрчилдөөнийг дэвэргэж, аймшигт байдалд хүргэхгүй байх эрүүл саруул ухаан байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
“Харамсалтай нь бүс нутагт аюултай нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг өөрчилнө гэдэгт бүс нутгийн удирдлага болон нийгэмлэгүүдэд найдаж байна” гэж Игорь Моргулов Сөүлд очихдоо ярьсан байна.
Өмнө нь БНСУ-ын Гадаад хэргийн яамны Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгч Ли До Хун ОХУ-д хандан БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг зөөлрүүлэхэд тусалж байгаад талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Хойд Солонгостой холбоотой асуудлыг дипломат аргаар зохицуулах ёстой гэсэн байр суурьтай байдаг ОХУ болон Хятад улс саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг дэмжсэн билээ. НҮБ нь Хойд Солонгосын цөмийн аюулыг зогсооход чиглэсэн хатуу хориг арга хэмжээнүүдийг авч буй.
Түүнчлэн Хойд Солонгост шахалт үзүүлэхийн тулд АНУ болон БНСУ хамтран Солонгосын хойг орчимд Америкийн стратегийн зэвсгүүдийг байрлуулахаар тохиролцсон байна. АНУ, Өмнөд Солонгос хоёр ирэх сарын 4-8-нд 230 гаруй байлдааны нисэх онгоцыг оролцуулсан хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ хоёр улс “F-35”, “F-22” зэрэг үл үзэгдэгч сөнөөгч онгоцуудыг ашиглах аж.
Харин ОХУ-ын зүгээс АНУ болон Хойд, Өмнөд Солонгост хандан зөрчилдөөнөө түр орхиж, тайвшрах хэрэгтэй гэжээ. АНУ, Хойд Солонгос хоёр нь шууд яриа хэлэлцээр хийх боломжтойг Оросын Гадаад хэргийн яам сануулж байна.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 4 )
Танай гадаад мэдээ өнөөдөр сайн байх чинь.
Хүн төрөлхтөн ухаалаг, амар амгалан байг.
Амгалан тайван л байгаасай
Энэ 3 яаж ч чадахгүй дээ дайн гарахгүй байхаа