2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сугалаа сугалах ёслол өнөөдөр болно. Ёслолын арга хэмжээнд олон улсын 1300 гаруй зочид төлөөлөгч оролцох юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр оролцох энэхүү арга хэмжээ Кремлийн ордонд болох талаар “РИА Новости” агентлаг мэдээллээ. Путин хэсгийн сугалаа сугалах арга хэмжээний өмнө дэлхийн хөлбөмбөгийн алдартнуудыг хүлээн авч уулзах юм байна.
Хэсгийн сугалаа сугалах ёслолд ДАШТ-д оролцох 32 улсын шигшээ багийн дасгалжуулагч оролцох юм. Хөлбөмбөгийн ДАШТ нь 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно. Тодруулбал, Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хот ирэх зун хөлбөмбөгийн хорхойтнуудаар дүүрнэ.
“ДАШТ 2018”-д ОХУ, Франц, Герман, Испани, Польш, Исланд, Бельги, Англи, Серби, Португал, Швейцарь, Хорват, Дани, Швед, Япон, Өмнөд Солонгос, Иран, Бразил, Уругвай, Колумб, Аргентин, Перу, Мексик, Коста-Рика, Панам, Саудын Араб, Нигери, Египет, Морокко, Тунис болон Сенегал улсын хөлбөмбөгийн шигшээ баг оролцоно.
ОХУ-ын Засгийн газрын шадар сайд, “Russia-2018”-ыг зохион байгуулах хорооны дарга Виталий Мутко “Тасалбарын хуваарилалтыг FIFA мэднэ. Гэхдээ Оросын иргэдэд зориулсан тасалбар илүү олон байх болно” гэж мэдэгдсэн нь дэлхийн өнцөг булан бүрээс ОХУ-ыг зорих хөлбөмбөгийн фанатуудыг гонсойлгоод авчээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )